ГХ-ны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав

ГХ-ны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэрээ 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлээ харилцан нотложээ.  Энэ хүрээнд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө байгааг онцоллоо. Монгол Улс, АНУ-ын харилцаанд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын усны хангамж 80 хувиар нэмэгдэх хоёр дахь Компакт гэрээ онцгой байр суурь эзэлдгийг талууд тэмдэглээд, уг төсөл амжилттай хэрэгжиж энэ оны 3 дугаар сард дуусгавар болж байгаатай холбогдуулан цаашид манай улсын стратегийн ач холбогдолтой салбарт дахин шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц, бололцооны талаар санал солилцов.