Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Шивдэгийн ам” орчимд Хөвсгөл нуурт хар хил гарсныг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
“Хар хил” гэдэг нь өвлийн улиралд хөлдсөн нуурын мөс цууран, завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэх үзэгдлийг хэлдэг бөгөөд хүний амь нас, тээврийн хэрэгсэлд өндөр эрсдэлтэй аюултай үзэгдэл юм. Иймд иргэд өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх, мөсөн замаар явган болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см-ээр нэмэгдэж, 35-165 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Харин Гичгэнэ, Суман, Хойт Тамир гол болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5-20 см-ээр нимгэрсэн үзүүлэлттэй байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан мөсний зузаан гол, нуурын нийт уртын дагуу харилцан адилгүй байгаа тул иргэд, малчид, жолооч нар цаг хэмнэх, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байж баталгаат зам, гүүрээр явахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.