Улаанбаатарчууд энэ өвлөөс эхлэн хийн халаагуурыг туршиж байгаа. Манай улсад шинэ технологи мэт боловч гаднын улс оронд байдаг л жишиг. Энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 900 гаруй айлыг хийн халаагуурт шилжүүлсэн гэх мэдээлэл бий.
-УЛААНБААТАРТ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА "HAIER" БРЭНДИЙН БУЙ ХИЙН ХАЛААЛТЫН ЗУУХЫГ ДЭЛХИЙН ӨӨР ХААНА Ч ХЭРЭГЛЭДЭГГГҮЙ БӨГӨӨД ЗӨВХӨН МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН-
Эдгээр айл өрхүүдэд БНХАУ-ын “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн хийн зуухыг суурилуулж буй. Энэ зуух нь 6 кВт/ц, 10 кВт/ц хүчин чадалтай, ажиллагааны хэвийн, эко горимтой, температур тохируулах боломжтой, ахуйн хэрэглээний газан плиткатай, агаар чийгшүүлэгч усны тавцантай гэж танилцуулж байгаа.
Харин олон улсад энэхүү хийн зуухыг огт хэрэглэдэггүй бөгөөд БНХАУ-ын Haier, Hisense компаниуд зөвхөн Монголд зориулсан уг төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлж байгаа аж.
Энэ хүрээнд монгол инженерүүдтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөн хийн угаарын хяналт, аюулгүй байдлын сургалтуудыг UNICEF-тэй хамтран зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан бүрэн хяналт тавина гэж хотын удирдлагууд мэдээлж байгаа.
-ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭВТРҮҮЛЭХЭД НИЙСЛЭЛЭЭС 45 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙГАА БОЛ ЗУУХНЫ ҮНЭ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-
Хотын дарга Х.Нямбаатар тушаал гаргаж, хийн түлшид шилжүүлж байгаа айл өрхүүдийн дулаалгад 15 тэрбум 268 сая, хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж суурилуулахад 22 тэрбум 495 сая төгрөг, тоног төхөөрөмжийн холболт суурилуулалт, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгоход 7 тэрбум 235 сая төгрөг буюу нийт 45 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон юм байна.
Харин зуухыг авахдаа нийлүүлэгч компани руугаа шууд хүсэлт явуулж, шинээр үйлдвэрлэсэн учраас зуухны үнэ одоогоор ил болоогүй байгаа юм. Гэхдээ уг зуухтай адил төстэй хийн халаалтын зуухнуудын үнэ 1.5 саяас 3 саяын хооронд үнэтэй байна. Түүнчлэн энэ онд багтаан 5000 айлыг хийн халаалтад шилжүүлэх бол ирэх онд 50 мянган айлыг хийн халаалтад шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг энд дурдъя.


