Маргааш /2026.02.13/ нутгийн хойд хэсгээр, Бямба гараг /2026.02.14/-т нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Халх голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, Говь-Алтайн нуруу, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0...+5 градус дулаан , бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 0...-2 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.