Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, "Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. Ердөө хорин жилийн өмнө тэмээний тоо 254 мянга байсан бол хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ бол малчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Мөн тэмээний баяртай салшгүй холбоотой. Өвлийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болтлоо хөгжсөн “Түмэн тэмээний баяр”-ыг анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулсан түүхтэй. Тухайн үед тэмээний тоо толгой багасаж, 2002 оныг хүртэл улсын хэмжээнд 200 гаруй мянган тэмээ тоологддог байжээ. Тиймээс тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх, өвлийн говийг аялал жуулчлалын бүс нутаг болгохоор эхлүүлсэн ажил өнөөдөр зорилгодоо хүрчээ.

Энэ жилийн Түмэн тэмээний баярт дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчид 1000 гаруй тэмээтэй оролцож байна. Тэмээний баярыг үзэхээр нийт 8000 орчим хүн ирснээс 200 гаруй нь гадаадын жуулчид гэж зохион байгуулагчид мэдээллээ. Түмэн тэмээний баярын хүрээнд дөрвөн насны ангиллаар тэмээний уралдаан зохион байгууллаа. Мөн тэмээний парад, ингэний айрагны баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, тэмээтэй сайхан хос болон шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн тус тус боллоо. Мөн тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах зэрэг тэмцээн болсон байна.

“Түмэн тэмээний баяр”-ын үеэр тэмээтэй холбоотой олон дээд амжилт бичигдэж байжээ. Тухайлбал 2016 онд 1108 тэмээ уралдуулан, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. 2024 онд тэмээ уяж хурдлуулдаг уяачид олгох “Алдарт уяач” улсын цолыг бий болгосон. Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүрийн 1-р сарын 24-нийг “Тэмээний өдөр” болгон зарласан билээ" гэв.