Хоёр жилийн өмнө буюу 2024 онд УИХ-ын нэр бүхий 17 гишүүн нийлж, Ажлын хэсэг байгуулан улсын төсөвт 212 төслийг гэнэдүүлж оруулсан талаар бид өмнө нь цувралаар мэдээлж байв.
ВИДЕО:
Уг асуудалтай холбогдуулан isee.mn сайтын 2024 онд хийсэн нэвтрүүлгийг хүлээн авна уу.
-ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ БАРИЛГЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААС ХЭТ ӨНДӨР БУЮУ 1МКВ-ЫГ НЬ 12 САЯ ТӨГРӨГӨӨР НИЙТ 40 ТЭРБУМААР ХУДАЛДАН АВЧ БАЯНЗҮРХИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОХ ОРОЛДЛОГО-
Тодруулбал, одоогийн Эрүүл мэндийн сайд тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ж.Чинбүрэн Баянзүрх дүүргээс сонгогдсон бусад гишүүдээ уриалж, Мянган оюутны байрны замын эсрэг талд аль 10 жилийн өмнө худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж эхлээд дутуу орхигдсон барилгыг дүүргийн эмнэлгийн барилгаар худалдан авах хуйвалдааныг хийсэн байж болзошгүй байдаг. Тэдний энэ үйлдлийг эмнэлэггүй шаналж буй иргэдийн хүсэл зорилго гэхээс илүү өөрсдийнх нь ашиг сонирхол гэж хардаж болно.
Учир нь, нэгдүгээрт тус барилга үнийн хувьд хэт өндөр. Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байрлах "Баянтэгш импекс" ХХК-ийн зургаан давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 1 мкв-ыг нь 12 сая орчим төгрөг буюу нийт 40 тэрбум төгрөгөөр улсад худалдан авахаар 2024 оны төсөвт суулгасан. Гэтэл тухайн үед 1 мкв барилгын дундаж үнэ 5 сая төгрөг байв. Тус барилгыг барьсан “Баянтэгш импекс” ХХК-ийн эзэн нь “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн П.Мэндсайхан гэгч бөгөөд Ж.Чинбүрэнгээр дамжуулан улсад шахаж байж магадгүй түүний барилга нь хууль зөрчиж, зөвшөөрөлгүй баригдаж байсан бөгөөд 2024 оны байдлаар улсын комисс хүлээж аваагүй, барилгын сууринаас ус ихээр гардаг гэх мэдээлэл байсан юм.
Хамгийн ноцтой нь татвар төлөгчдийн мөнгөөр аливаа бараа бүтээгдэхүүн, барилга байгууламж худалдан авах тохиолдолд заавал тендер сонгон шалгаруулалт зарлах учиртай. Гэтэл Ж.Чинбүрэн нар нь барилгаа урьдчилж бэлдээд түүнийгээ худалдан авахаар төсөв батлуулсан байсан.
Мөн тус барилгад тааруулж тендер, сонгон шалгаруулалтыг зарласан байх магадлал тухайн үед ил болж байлаа. Тухайлбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлахдаа “Эмнэлгийн барилга нь төв засмал замаас 100-200 метрээс ихгүй радиуст байрласан байх, барилгын ажил 70 хувиас багагүй гүйцэтгэлтэй байж үл хөдлөхийн гэрчилгээ хэсэгчлэн болон бүрэн гарсан өмнө ямарваа нэгэн хэлбэрээр огт ашиглаж байгаагүй шинэ барилга байх, таазны өндөр 4-4.5 метр байх ба эмнэлгийн зориулалттай зээл хэлбэртэй байна. Мөн эмнэлгийн байр нь нэг дор байрлалтай зургаан давхраас дээшгүй 3360 мкв-аас доошгүй хэмжээтэй, гаднаа автомашины зогсоолтой, өмнө нь ямарваа нэг байдлаар ашиглаж байгаагүй, шилэн гоёмсог фасадтай байна” гэсэн шаардлагыг тавьсан. Ж.Чинбүрэн нарын авах гэж буй тус барилга нь засмал замаас 100-200 метрээс ихгүй радиуст байрлаж, шилэн гоёмсог фасад зэрэгтэй байсан юм. Тэгэхээр тус барилгад зориулж энэ тендерийг зарласан байж магадгүй болсон юм.
Тэгвэл эмнэлгийн бус худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдсан тус барилгыг Баянзүрх дүүргийн эмнэлгээр худалдан авах ажлыг цуцалсан байна. Учир нь Баянзүрх дүүргээс сонгогдсон бусад гишүүд уг барилгыг хэт үнэтэй бас зориулалтын бус учир дараа нь асуудал дагуулна гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Тиймээс цуцлах шийдвэрийг гаргаж, Сангийн яам ч өгсөн санхүүжилтээ эргүүлэн татжээ. Тэгэхээр Монелын уулзвар дээр баригдсан энэ барилгыг эмнэлэг болгох асуудал дахин хөндөгдөхгүй нь.
-УГ ЭМНЭЛГИЙГ ХУДАЛДАН АВАХ 40 ТЭРБУМЫН ЭХНИЙ 15 ТЭРБУМЫГ 2025 ОНЫ ТӨСӨВТ СУУЛГУУЛСАН БАЙВ-
2025 оны наймдугаар сард тус эмнэлгийн барилгын худалдан авах тендерийн ажлын даалгаврыг өөрчилж, дахин зарласан бөгөөд Ж.Чинбүрэн нар нь 2024 оны төсөвт суулгуулсан 40 тэрбумынхаа эхний 15 тэрбумыг ирэх онд багтаан гаргуулахаар 2025 онд төсөвт багтаасан байдаг. Бид түүнээс зориулалтын бус барилгыг эмнэлэг болгох гэж буйг тодруулж байхад "5 тэрбумаар засвар хийнэ. Гэр хороололтой ч ойр барилга байна лээ. Ийм сайхан саналыг хүлээж авахгүй яах юм бэ" гэсэн тайлбарыг өгдөг байлаа.

Эмнэлгийн барилгын өрөө нь агаар холилдохгүй сэлгэлт сайн байхаас эхлээд бүх зүйл нь өвчтөнд зориулагдсан байх ёстой. Тодруулбал, ханиадаа эмчлүүлсэн хүүхэд өөр өрөөнөөс гэдэсний халдвар аваад гарахгүй байх ёстой юм. Тэгвэл улсын төсөвт мөнгийг нь гэнэдүүлж тавьж байгаад худалдан авч Баянзүрхэд 40 тэрбумаар шахах гэж байсан энэ үйл ажиллагаа бүтэлгүйтэж, энэ жилээс зогсжээ.