"Монголын Бэлчээр Судлалын Ногоон Алт төв" НҮТББ болон Европын Холбооны “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко ногоон тэмдэг” төсөл, Германы Засгийн газрын санхүүжилттэй “Хүртээмжтэй, тогтвортой өртгийн сүлжээг бий болгох замаар малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” төслүүдтэй тус тус хамтран “Хариуцлагатай нүүдэлчин” бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартыг таниулах, малчин өрхийн анхдагч холбоодын чадавхыг бэхжүүлэх сургалтыг 2026 оны 02 дугаар сарын 02 -оос 05-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгууллаа.
Тус сургалтад малчин өрхийн анхдагч холбоодын гишүүд хамрагдаж, “Хариуцлагатай нүүдэлчин” стандартын зорилго, ач холбогдол, хэрэгжилтийн талаар мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэхийн зэрэгцээ бэлчээрийн тогтвортой ашиглалт, хариуцлагатай мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр практик мэдлэг эзэмшиж байна.
Сургалтын хүрээнд оролцогчид өөрийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд тогтвортой, хариуцлагатайгаар нийлүүлэх бизнесийн түншлэл бий болгох арга барилд суралцаж буй нь тус сургалтын чухал онцлог юм.
Мөн сургалтад хамрагдсан малчид сургагч багшийн сертификат гардан авч, цаашид “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг нутаг орондоо хэрэгжүүлэх чиглүүлэгч, сургагч болох боломж бүрдэж байна. Үүний зэрэгцээ оролцогчид мах, сүү зэрэг малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлээр боловсруулах үйлдвэрүүдтэй хамтын ажиллагаа, гэрээ байгуулах нөхцөл боломж бүрдэж тухайн өдрүүдэд 45 малчин үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ тогтмол борлуулахаар боллоо.
Энэхүү сургалт нь “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг орон нутагт нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Итгэл төгс – Ногоон ирээдүй