УИХ-ын дарга Н.Учрал ипотекийн зээлийг давхардуулж авсан иргэдийн мэдээллийг ил болгоно гэж мэдэгдсэн. Араас нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ипотекийн зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянган иргэн бий” гэж ярьсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.
Тэгвэл энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад " Ипотекийн зээлийг хоёр өөр эх үүсвэрээс олгодог. Нэгдүгээрт, Монголбанкны эх үүсвэрээр 150 сая хүртэлх төгрөгийн зээлийг олгож болно. Хоёрдугаарт, арилжааны банкны дотоодын эх үүсвэрээр 250 сая хүртэлх зээлийг олгодог. Монголбанкны эх үүсвэрээр нэг иргэн нэг л удаа ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Харин арилжааны банкуудын дотоод журмаар нэг иргэнд тогтоосон хязгаарлалт байхгүй. Орон сууцны 8 хувийн зээл авсан иргэн зээлээ хаагаад 6 хувьд дахин хамрагдах боломжтой. Арилжааны банкууд өөрсдөө судалгаагаа хийж, эрсдэлээ хүлээж тухайн зээлийг дотоодоосоо санхүүжүүлж байгаа учир дотоод журмаараа зохицуулалт хийгээд нэг хүнд лимит тогтоогоогүй. Шалгуурыг нь хангаж л байвал зээл авах, өгөх эрх нь иргэн болон банкны харилцаа" гэв.
Арилжааны банкууд дотоодын эх үүсвэрээсээ санхүүжүүлсэн ипотекийн зээлийг Монголын ипотекийн корпораци МИК худалдан авч үнэт цаасжуулдаг. Энэ хүртэлх бүх үйл явцад Монголбанк оролцох эрх хуулиар олгогдоогүй юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны дотоодын эх үүсвэрээр нэг иргэн хэдэн ч удаа ипотекийн зээлд хамрагдах боломжтой байх нь. Харин 2016 онд Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.1.10-т нэг иргэн нэг л удаа буюу "Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй байх" гэх зохицуулалтыг тусгасан байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлсэн давхардуулж зээл авсан иргэд нь арилжааны банкны дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээлд хамрагдсан байх боломжтой аж.
Нөгөө талаар гишүүний ярьсан дата баттай эсэх нь эргэлзээтэй бөгөөд эх сурвалж нь хаанах вэ гэдэг анхаарал татаж байна. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамтай ЭНД дарж танилцах боломжтой. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байгаа аж. 2024 оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн дүнтэй байгаа ба дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсчээ. Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагдсан тухай мэдээлж байв.