2025 оны турш дуншсан Татварын багц хуулийн төслийг шинэ оны босгон дээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хаврын чуулганаар хэлэлцүүлгийг нь хийхээр төлөвлөж байгаа бөгөөд батлагдсан тохиолдолд 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аж, ахуй нэгж, хувь хүнийн орлогын албан татвар, НӨАТ-ийн хувь, хэмжээ тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж, буурахаар байгаа юм. Хуулийг ЭНД дарж унших.
-ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН БАРЬСАН ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИНД ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ АГУУЛГЫГ ОРУУЛААГҮЙ БАЙНА-
Гэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуульд Хувь хүнийн орлогын албан татвар /ХХОАТ/ -ын хувь хэмжээг бууруулаагүй. Тодруулбал, өнөөдөр ажил хийж буй хүн бүр нийт цалин орлогынхоо 10, 15, 20 хувийг Хувь хүний орлогын албан татварт төлдөг. Энэ хувийг бууруулбал иргэний гар дээр үлдэх мөнгө бодитоор өсч, амьдрал ахуйд нь хувь нэмэр болж чадна. Гэтэл Засгийн газар энэ чухал асуудлыг орхигдуулсан нь нэг талаас иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Амгаланбаатар, Г.Очирбат, Б.Пунсалмаа нарын гишүүд Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах хуулийн төслийг боловсруулж байна. Эл хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.
Анх УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн зөвлөх, эдийн засагч Р.Шинэгэрэл 2025 оны хавар дөрөвдүгээр сард Хүн амын орлогын албан татварыг 1 хувь болгох өргөдлийг D-өргөдөл хаягт байршуулж 100 мянган иргэний дэмжлэгийг авсан тул УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Гэвч Төсвийн байнгын хорооноос Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэнэ гэдэг шалтгаанаар тус асуудлыг хойшлуулаад буй. Гэхдээ эдгээрээс үл хамааран УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын гишүүд боловсруулсан дээрх хуулийн төслөө УИХ-д өргөн барих аж. Барьсан хойно Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуультай хамтатган хэлэлцэнэ гэдэг асуудал ч хөндөгдөж магадгүй юм.
-ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ 1 ХУВЬ БОЛГОВОЛ 3 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ӨРХ 270 МЯНГАН ТӨГРӨГИЙГ АВЧ ҮЛДЭЖ АМЬДРАЛДАА ХЭРЭГЛЭНЭ-
Тэгвэл эл хуулийг баталснаар ажил хийдэг, татвар төлдөг хүн бүрт ямар ашигтай талаар дурдахад, нийлээд 3 сая төгрөгийн цалингийн орлоготой гэр бүл 300 мянган төгрөгийн Хүн амын орлогын албан татварыг улсад төлдөг.
Хэрвээ Хүн амын орлогын албан татварыг 1 хувь болгочихвол 270 мянган төгрөгийг тэр өрх авч үлдээд амьдралдаа хэрэглэнэ. Тэгэхээр орлого багатай буюу 1 сая төгрөгөөс доош цалин авч байгаа хүмүүст 80 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэхээс илүү дундаж давхаргынханд үзүүлэх хөнгөлөлт рүү анхаарах шаардлага байгаа юм.
Учир нь өнөөдөр дундаж давхаргынхан 2-3 сая төгрөгийн хооронд дэнжигнэж байна. Тиймээс аль хэсэгт хамгийн их татварын ачаалал байгаа вэ гэдгийг Засгийн газар сайн судлах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн онд Засгийн газраас шийдвэр гарч багш нарын цалинг 50, эмч, ажилчдын цалинг 30 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан. Гэвч багш нар үндсэн цалинд хоол, унааны мөнгийг багтааж урамшуулалгүй болгосноор эсрэгээрээ бага цалин авдаг болсон гэж эсэргүүцээд буй. Харин нөгөө талд Боловсролын сайд П.Наранбаяр байр сууриа хамгаалж үл ойлголцол үүсэн асуудал эд мандаж байна.
Тэгвэл эдийн засагчид Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгосноор ганц эмч, багш гэлтгүй бүх ажилчдын цалин шууд 9 хувиар өсөх боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байгаа юм.
Эдийн засагчдын хувьд улсын төсөвт 2.5 их наядын ачаалал үүсгэнэ. Тэгэхээр энэ хэмжээний төсвийг хангалттай танаж, багасгах боломж бий гэж харж байна. Өөрөөр хэлбэл, 2.5 их наяд нь 33.5 их наядын бүтэцтэй төсөвт тийм их ачаалал үүсгэхгүй гэж буй.