Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй уялдуулан намууд дүрмээ шинэчилж, Дээд шүүхээр бүртгүүлээд буй. Ийнхүү дүрэм өөрчлөгдсөн тул намууд анхан болон дунд шатны бүх бүтцээ шинэчилнэ гэсэн үг.
-ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ БУУЛГАХ ХУУЛИЙН НӨХЦӨЛ БҮРДСЭН ТУЛ ТҮҮНИЙ СҮҮЛИЙН НАЙДВАР НЬ ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАЙЖ МАГАДГҮЙ-
Ийнхүү өнгөрсөн 2024 оны сонгуульд ялалт байгуулсан байсан ч хамаагүй нийслэл, дүүргийн намын хорооны дарга нар өөрчлөгдөж магадгүй байгаа бөгөөд нийслэлийн МАН-ын хороо ирэх гуравдугаар сарын 1-15-ны хооронд хуралдахаар байгаа. Тэгвэл сүүлийн үед хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайд Г.Занданшатарыг л дагаж, гүйгээд байдаг болчихлоо. Жишээлбэл, “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын төслийн талбай, “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа, “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зэрэг Ерөнхий сайдын оролцож буй бүхий л үйл ажиллагаанд Хотын дарга “ёс юм шиг” дагаж явдаг, ажлаа тайлагнадаг болчихлоо.
Үүний цаад шалтгаан нь МАН-ын шинээр батлагдсан дүрмийн хүрээнд Х.Нямбаатарыг “шахах” нөхцөл бүрдсэнтэй холбоотой байж магадгүй байна.
Үүнээс гадна улс төрийн хүрээнд Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны дарга болон Хотын даргын албан тушаалаас нь “явуулна” гэдэг зүйлийг ч ярьж байгаа гэх мэдээлэл бий. Тэгэхээр Х.Нямбаатар “Халагдах цэргийн амь хэврэг” гэдэг шиг албан тушаалуудтайгаа үлдэхийн тулд өөрийнхөө бүрдүүлсэн “ажил хийдэг” имижээрээ аврагдахаар Ерөнхий сайдыг дагаад “гүйгээд” байх талтай.
-Х.НЯМБААТАРТ УИХ-ЫН ДАРГЫН Ч, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН Ч ДЭМЖЛЭГ БАЙХГҮЙ УЧРААС ЕРӨНХИЙ САЙДЫГ “НАЛЖ” БАЙХ ТАЛТАЙ-
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Х.Нямбаатарыг улс төрийн хүрээнд тултал нь дэмждэг байлаа. Одоогийн албан тушаалд нь ч Л.Оюун-Эрдэнэ хүргэсэн. Бүр “Би Х.Нямбаатартай хамтарч ажиллахыг хүссэн. Өмнө нь авлига, боомт нээх зэрэг олон ажил дээр хамтарч байсны хувьд түүнийг барьж авсан ажлынхаа ард заавал гардгийг мэднэ. Алдаатай, оноотой ч түүнд "шазруун" зан байдаг. Төрд түүн шиг албан хаагч олон биш” гэж ч магтаж байсан удаатай.
Тэгвэл одоо Х.Нямбаатарт улс төрийн хүрээнд хэний дэмжлэг байгаа бол гэсэн асуулт урган гарна. УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралын дэмжлэг түүнд байхгүй байх талтай. Учир нь Х.Нямбаатар, Н.Учрал нар 2016 онд Сонгинохайрхан дүүргээс хамтдаа МАН-аас нэр дэвшиж сонгогдож байсан бол 2020 онд Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгтээ үлдэж, Н.Учрал Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, улс төрийн тойргоо сольж байсан.
Иймд Н.Учралын зүгээс ч, Ерөнхийлөгчийн зүгээс ч Х.Нямбаатарыг дэмжихгүй байх магадлалтай. Ийнхүү түүний эцсийн найдвар Ерөнхий сайд Г.Занданшатар болсон байж магадгүй.
Хотын даргыг огцруулах эрх зүйн үндэстэй гол субьект нь Ерөнхий сайд. Тодруулбал, Нэгдүгээрт, нийслэлийн МАН хуралдаад түүнийг намын даргаас нь огцруулж болно. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай албан бичгийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэх бөгөөд НИТХ Ерөнхий сайдын захирамжийг хэлэлцэж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай билээ.