"Номин талст" хамтлагийн дуучин Д.Батсүх Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргаар томилогдоод найман жилийн нүүрийг үзэж буй. Харин цахим орчинд түүний хийсэн ажил болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай ижил чиг үүрэг бүхий уг байгууллагын үйл ажиллагаанд иргэд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн юм.
Тэгвэл түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл 2017 онд өөрийн орлого 17 сая, гэр бүлийн орлого 4.9 сая төгрөг байсан бол 2023 онд түүний орлого 94 сая, гэр бүлийн орлого 64 сая төгрөг болж нэмэгдсэн буюу 5 дахин өссөн байна. Улмаар 2024 онд түүний өөрийн орлого 31 сая төгрөг болж, гэр бүлийн орлого 94 сая төгрөг болжээ. Мөн тэрбээр ХОМ-тээ нэг тэрбум төгрөгийн орон сууцтай, 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 374м2 газартай гэж мэдүүлжээ.

