Тэтгэврийн зээлийг 12 сараас дээш хугацаагаар авбал батлан даагч шаардаж эхэлжээ

Тэтгэврийн зээлийг 12 сараас дээш хугацаагаар авбал батлан даагч шаардаж эхэлжээ

Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон сунгасантай холбогдуулан 12 сараас дээш хугацаатай зээл авах тохиолдолд батлан даагч буюу хамтран зээлдэгч шаардах зохицуулалтыг зарим арилжааны банкууд хэрэгжүүлж эхэллээ.

Тэтгэврийн зээл нь бусад төрлийн зээлтэй харьцуулахад эрсдэл багатайд тооцогддог ч зээлийн хугацаа уртасч, хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор банкууд эрсдэлийн шалгуураа чангатгаж буй аж. Тухайлбал, иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Төрийн банк, Хаан банк тэтгэврийн зээлээ сунгах болон 12 сараас дээш хугацаатай зээл авахад хамтран зээлдэгч шаардаж эхэлсэн байна. Монголбанкны зүгээс арилжааны банкуудын баталсан тэтгэврийн зээлийн журмыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд зээл авах эсэх нь иргэний өөрийн сонголт хэмээн мэдэгдлээ. Харин эдийн засагчид тэтгэврийн реформ хийхгүйгээр зээлийн нөхцөлд анхаарал хандуулсаар ирсэн нь олон асуудал дагуулж байгааг онцолжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Б.Мөнхзаяа “Тэтгэврийн зээлийн хязгаарлалтууд цуцлагдаж, хугацаа уртассан нь банкуудын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор эрсдэлийн шаардлагаа өндөр тогтоох нь зүйн хэрэг. Одоогийн 18 хувийн хүү нь өндөрт тооцогдоно. Тэтгэврийн зээл нь нийгмийн халамж шиг хавтгайрсан , хямд өртөгтэй байж болохгүй” гэжээ. 

М.ДЭЛЭГ