Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал энэ сарын 3-6-нд болно.
Энэхүү айлчлал нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцах юм. Айлчлалын хүрээнд хатагтай Ясмин Фуад Монгол Улсын төр, засгийн өндөр дээд албан тушаалтнууд, элчин сайд нар, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцохоор төлөвлөсөн аж.
Ясмин Фyад нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 2025 оны тавдугаар сарын 22-нд томилогдсон бөгөөд өмнө нь 2018-2025 онд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Байгаль орчны сайдаар ажиллаж байсан юм.