Г.Ундармаа: Гудамнаас олсон муураа “U film”-д албан ёсоор “угтагч”-аар ажилд авч, сарын 200 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа

Г.Ундармаа: Гудамнаас олсон муураа “U film”-д албан ёсоор “угтагч”-аар ажилд авч, сарын 200 мянган төгрөгөөр цалинжуулж байгаа

Гудамнаас муур олж, түүнийгээ компанидаа албан ёсоор ажилд авч, цалинжуулж буй сонирхолтой, эерэг жишээг бид энэ удаа сурвалжлан хүргэж байна. Тэд бол “U film”-ийнхэн. “U film”-ийн захирал Г.Ундармаа гудамнаас олсон муураа байгууллагадаа угтагчаар ажилд авсан бөгөөд муурандаа “Garfield” гэдэг нэр өгч бас цалинжуулдаг байна. Г.Ундармаагийн хувьд олон гайхалтай дүрээ дэлгэц болон тайзны урлагт мөнхөлж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээхээс гадна хүмүүнлэгийн маш олон ажлуудыг санаачлан, хийж байсан “Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн”, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан”, “Алтан гадас одон”-т, “Соёлын тэргүүний ажилтан” жүжигчин билээ.

ВИДЕО:

-Анх “Garfield” муураа олж авсан талаараа бидэнд хуваалцахгүй юу?

-Өдөр болгон гэр оронгүй, гудамжинд яваа нохой муурны талаар мэдээлэл ордог “Азтай савар” цахим хуудсыг би дагадаг. Тэгээд нэг өдөр орсон постуудыг гүйлгээд харж байсан чинь нэг охин “Энэ муур хүйтэнд гадаа удаан байгаад хөлдлөө, үрчилж авах хүн байна уу?” гээд зургийг нь оруулсан байсан. Тэгээд л өрөвдөөд “U Film”-дээ албан ёсоор ажилд авахаар шийдсэн дээ. Муур маань хоёр настай юм шиг байна лээ. Анх уулзаад энэ хугацаанд их л зовсон байна даа гэж бодсон.

-“Garfield”-ийг олоод шууд эмнэлэгт үзүүлсэн гэж гэж байсан. Муурны бие нь ямархуу байдалтай байсан бэ? Ямар нэгэн өвчин эмгэг байсан уу?

-Дөнгөж олж аваад л шууд эмчид үзүүлсэн чинь ямар ч өвчин байхгүй эрүүл, эр муур байна гэсэн. Хэрвээ бусад хүмүүс гэр оронгүй  муур, нохой үрчилж авах гэж байгаа бол шууд эмчид үзүүлээрэй гэж зөвлөмөөр байна.

-Гэр оронгүй удаан байсан болохоор зан аашийн хувьд ууртай ч юм уу байгаагүй юу?

-Анх манайд ирчхээд үүдний буйдан доороос гарахгүй нуугдаад байдаг байсан. Одоо бол бид нарт дасаад, эрхэлдэг болчихоод байгаа. Гэхдээ л танихгүй хүн ойртоод илээд, эрхлүүлэх гэхээр цочоод байдаг. Өмнө нь эзэнтэй байсан байж магадгүй. Элс тавиад өгсөн чинь шууд л элсэн дээрээ бие засаад, муурны зориулалтын хоолоо их дуртай идэж байсан болохоор өмнө нь эзэнтэй байсан юм байна гэж бодогдсон.  

-“Garfield” гэж ямар утгатай нэр юм бэ, хэн өгсөн бол?

-“Garfield” гэдэг нь хүүхэлдэйн киноны дүр л дээ. Манай ажлын охин анх хараад “Garfield” гээд дүртэй ямар адилхан муур вэ гэхээр нь тэр дүрийнх нь нэрийг өгчихсөн. Гэхдээ манай муур насаараа нэргүй явсан болохоор одоохондоо нэрээ сайн мэдэхгүй л байгаа.

-Муур одоо “U film”-д ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-“Garfield” өөрөө ажлынхаа байраа сонгосон. Анх ирээд л шууд зочид угтаж авдаг үүдний буйдан доороос гарахгүй, өөр газраар явахгүй байхаар нь манай ажилд угаасаа угтагч байхгүй юм чинь гээд “угтагч муур” болсон доо.

-Сарын 200 мянган төгрөгийн цалин өгч байгаа гэсэн постны доор хүмүүс “ямар бага цалинтай юм бэ” гээд сэтгэгдэл их үлдээсэн байсан?

-Одоогоор түүний цалин бага байгаа нь ч үнэн шүү. Цаашдаа цалин өсөх эсэхийг манай нягтлан л мэднэ дээ. Гэхдээ би хувийнхаа мөнгөнөөс маш олон зүйлс түүнд зориулж авч өгч байгаа болохоор цалингийн тал дээр санаа зовохгүй байж болно оо.

-“Garfield” муурыг Холливүүдийн алдартай жүжигчин гэсэн байсан шүү дээ. Магадгүй танай дараагийн дэлгэцийн уран бүтээлд тоглох уу?

-Манай байгууллагынхан кинондоо тоглуулна гэж яриад л байгаа. Холливүүдийн мундаг жүжигчин яаж кинонд дүр бүтээдгийг удахгүй хажуугаас нь харна даа.

-Танд өөр гэрийн тэжээвэр амьтан бий юу?

-Манай гэр хоёр нохой, нэг мууртай. Коко гэдэг нэртэй, тэжээгээд 13 жил болж байгаа жижигхэн биетэй “Toy terrier” үүлдрийн нохой бий. Нөгөө нохойг маань Лүсси гэдэг. Дөрвөн жилийн өмнө Био-Кобинатад кино зураг авалттай явж байгаад олж байсан юм.

-Гудамжнаас гэр оронгүй муур, нохой авч тэжээхээр гэрийнхэн нь дургүйцдэггүй юу?

-Нөхрөөсөө зөвшөөрөл авахад л их хэцүү байдаг даа. Гэхдээ би нөхрийгөө надад хайртайг нь далимдуулаад зөвшөөрүүлчихдэг. Анх Лүссиг олоод гэртээ авчирдаг өдөр миний төрсөн өдөр байсан болохоор би нөхөртөө “Чи надаа хайртай юм бол төрсөн өдрийн бэлэг болгоод энэ нохойг үрчилж авахыг минь зөвшөөрөөч” гээд гуйгаад зөвшөөрүүлсэн.

-Таны ярианаас харахад амьтанд их хайртай бололтой. Үүнд магадгүй гэрийнхэн тань нөлөөлдөг үү?

-Аав маань их нөлөөлсөн гэж боддог. Намайг эрхлүүлээд дэгдээхий, туулай гээд олон амьтан авч өгөөд, түүнйг нь би тэжээдэг байсан. Намайг их сургуулиа төгсөөд ажилд орсны дараа ажилдаа явахдаа унаарай гээд унадаг дугуй авч өгч байсан. Би дугуйтайгаа явж байхдаа жалга руу онхолдож унаад, аавдаа хэлсэн чинь дугуйг маань “Барсаа” гээд нохойгоор солиод аваад ирсэн. Тэр цаг мөчөөс эхлээд “Барсаа”-тайгаа байнга хамт цагийг өнгөрүүлдэг болсон маань амьтныг илүү их хайрлахад сургасан гэж боддог доо.

-Жил ирэх тусам л гэр оронгүй амьтад ихсээд байгаа ажиглагддаг. Ямар арга хэмжээ авбал үүнийг шийдэж чадна гэж боддог вэ?

-Амьтан тэжээж байгаа хүмүүс маань амьтнаа илүү судлаад сайн ойлгодог байгаасай гэж боддог. АНУ-д бүх тэжээвэр амьтандаа спирал болон заслага хийлгэдэг юм билээ. Энэ чинь амьтдыг хэт олон болохоос сэргийлж байгаа хэрэг шүү дээ. Монголд ч гэсэн ийм байхгүй бол нохой, муурнууд улам л олон болоод, улам л олон гэр оронгүй амьтантай болно шүү дээ. “U Film”-ийн зүгээс “Сүйт бүсгүй” киноныхоо орлогоос 7 сая төгрөгөөр амьтны асрамжийн газар байгаа нохой, муурнуудад заслага хийлгэж өгч байсан. Монголд байгаа амьтны асрах газартай хүмүүсээр би их бахархдаг. Нэг асрах газарт 40-100 амьтад байдаг. Тэр хүмүүс маань ямар ч ажил хийх боломжгүй, зөвхөн амьтаддаа цагаа зарцуулдаг мундаг хүмүүс шүү дээ. Ийм мундаг, сайн үйл хийж байгаа хүмүүсдээ манай ард иргэд туслаасай гэж их хүсдэг.

-Муур, нохой тэжээнэ гэж авчихаад, гэр завааруулж байна, дуу чимээ их гаргаж байна, өдөр болгон цаг гарахад хэцүү байна гэх мэтчилэн шалтгаанаас болоод хүмүүс их шантарч байгаа харагддаг. Энэ хүмүүст та юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Хэрвээ амьтан тэжээхээр шийдчихээд шантрах гээд байвал чадахаасаа чадахгүйгээ хүртэл бүх арга хэмжээг авч байгаарай. Жишээ нь үс нь унаад байвал витамин өгөх үү, хоолыг сольж үзэх үү, гэр орон бохирдуулаад байх юм бол тодорхой нэг газар байлгаж сургах ч юм уу гаргалгааг нь олдог байгаарай. Тэгэхгүй шантраад төөрүүлэх ч юм уу, хүнд өгчих юм бол нохой, муур эзэндээ маш их дасдаг. Даарч, өлсөхөөсөө илүү таныг маш их санана шүү дээ.

Н.Мөнхбаатар




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө