УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тэрбээр яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Мөн түүнд хилийн хориг тавьсан гэж буй. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу.
-Х.БУЛГАНТУЯАГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖ БАЙВ. ЭНЭ УДАА Н.УЧРАЛ ХҮНЭЭ ДЭВШҮҮЛНЭ-
Хамгийн сүүлд тэрбээр намынхаа эмэгтэйчүүдийн холбооны ажилд оролцож байгаа талаараа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хурлыг таслаад ирэхгүй байгаа ч намын улс төрийн ажилдаа оролцож байгаа аж. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хүргэхэд, МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоо энэ сарын 14-ны өдөр хуралдахаар товлосон. 21 аймаг, 9 дүүргийн МАН-ын эмэгтэй гишүүд багтдаг тус холбооны хурлаар шинэ тэргүүнээ сонгож, дүрмээ шинэчилнэ. Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа ажиллаж байгаа юм. Тэгэхээр түүнийг чөлөөлж, дараагийн ерөнхийлөгчийг сонгох нь. Х.Булгантуяа Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгснөөр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээс автоматаар чөлөөлөгдөх үү гэх асуулт бий. Учир нь тэрбээр Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн квотоор Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Харин эл сонгуульт ажлаа өгснөөр хэрхэх вэ.
Тэгвэл саяхан Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн МАН-ын шинэ дүрмээр холбооны ерөнхийлөгчөөс чөлөөлөгдвөл Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож, чөлөөлөхийг Бага хурлын гишүүдийн саналаар шийдвэрлэх юм байна. Тэгэхээр түүнийг Удирдах зөвлөлийн гишүүний 39 гишүүний нэгээс чөлөөлөх эсэхийг Бага хурлын нийт гишүүдийн саналаар шийдвэрлэх нь.
Удахгүй МАН-ын бүх холбоод хуралдаж шинэ даргаа сонгоно. Тэднийг сонгосны дараа Удирдах зөвлөлд оруулахаар болбол Бага хурал хуралдаж шийдэх аж. Ташрамд дурдахад, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2023 оны нэгдүгээр сард хуралдаж дүрэмдээ өөрчлөлт оруулж, нэрээ өөрчилж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг сонгосон. Уг нь тэрээр дөрвөн жил ажиллах ёстой ч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нийцүүлэн МАН-ын дүрэм, шинэ даргыг сонгосонтой холбоотойгоор холбоод хуралдаж мөн дүрмээ шинэчлэн, даргаа шинээр сонгох шаардлага гарсан юм.
-ОДООГООР Б.ҮҮРИЙНТУЯА, Б.БАТЦЭЦЭГ НАР ӨРСӨЛДӨНӨ ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА -
Нөгөө талаас Үндсэн хууль зөрчсөн гэх асуудалтай нь холбоотойгоор түүнд шахалт ч их ирж байгаа гэх. Дүрмээрээ тус холбооны ерөнхийлөгчид намын дарга нэр дэвшүүлдэг. 2023 онд Х.Булгантуяаг тухайн үеийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлж байсан. Тэгэхээр энэ удаад МАН-ын дарга Н.Учрал эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлнэ.
Одоогоор тус холбооны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Б.Үүрийнтуяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар нэрээ дэвшүүлэхээр бэлдэж эхэлсэн гэж буй.
МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч нь намын жагсаалтад шууд багтах, эмэгтэйчүүдийн квотоор хэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх зэргийг шийддэг эрх мэдэлтэй албан тушаал юм. Х.Булгантуяагийн үүсгэсэн асуудал, өнөөдрийн хүнд нөхцөл байдал зэргээс шалтгаалж түүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр удаахгүй болов уу гэсэн таамаг байна.