Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан

Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан

Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Нууц эвлэрлийн гэрээ”-г шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдод хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар тэрбээр "Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв" хэмээн мэдээлжээ. 

 

 

Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайдын мэдээлсэнчлэн өмнөх Засгийн газрын үед буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, одоо ГБХНХ-ийн дэд сайд Б.Солонгоо нь Англи улсын нэр бүхий иргэдтэй төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхын тулд 468 мянган фунт стерлинг буюу 2.2 тэрбум гаруй төгрөгөөр “Нууц эвлэрлийн гэрээ” гээчийг байгуулсан байгаа юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл энэ талаар тус гэрээг байгуулсан гэх Б.Солонгоо байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр " Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт миний нэр дурдагдсантай холбогдуулан сэтгүүлчдээс асуулт ирж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд 2024 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах нь миний бие дур мэдэж гаргасан шийдвэр биш юм. Засгийн газрын холбогдох шийдвэр, Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд дурдахад, эдгээр хувь хүмүүс нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан. Энэ талаар олон улсын хэвлэлээр мөн мэдээлж байсан. Оюутолгой төсөлтэй холбогдуулж үүссэн татварын маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэл гаргасны нэг нь гүний уурхайн зардал хэтэрсэнтэй холбогдуулж Монгол Улсад учирсан хохирлын асуудал байдаг" гэжээ.