Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ирэх сарын 10-15-нд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.
Монгол түмний уламжлалт баяр сар шинийг хоггүй, цэвэр цэмцгэр угтахыг уриалсан энэхүү бүх нийтийн цэвэрлэгээгээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хийхийг Улаанбаатар хотын ерөнхий инженерийн тушаалаар баталжээ. Энэ хүрээнд албан байгууллагууд 50 метр доторх хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэж өнгө үзэмжийг сайжруулах юм байна. 2026 онд нийслэлийн хэмжээнд найман удаа бүх нийтийн их цэвэрлэгээ хийх бөгөөд цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцдог аж.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал “2026 онд Улаанбаатар хотод найман удаагийн бүх нийтийн цэвэрлэгээг ерөнхий инженерийн А/02 дугаар тушаалаар баталсан. Энэ хүрээнд албан байгууллагууд 50 метр доторх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийг Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох үүрэгтэй байдаг. Гэхдээ Зөрчлийн хуулиар торгоно гэхээсээ илүү аж ахуй нэгжийг цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна” хэмээн ярилаа. Таван өдөр үргэлжлэх бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэг, албан байгууллагуудыг идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриалав.