Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Азийн цэвдгийн гуравдугаар хурал” энэ оны зургаадугаар сарын 28-аас долдугаар сарын хоёрны хооронд болно. Уг хурлын үндсэн зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон Цэвдэг судлалын холбоо ажиллаж байгаа бөгөөд 15 орчим төрийн захиргаа, эрдэм шинжилгээ, хувийн байгууллага дэмжиж оролцохоо илэрхийлээд байна. Энэ удаагийн хурал “Азийн цэвдгийн гэсэлтээс дэлхийн нийтэд тулгарч буй сорилтууд” уриан дор, 18 дэд хуралдаанд хуваагдаж зохион байгуулагдана.
Уг хуралд оролцохоор АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Канад, Норвег, Герман, Энэтхэг зэрэг 25 орны 360 гаруй эрдэмтэн судлаачид хүсэлтээ ирүүлээд байна. Хурлын зохион байгуулагчид эдгээр эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 20 хүртэлх шилдэг өгүүллийг Permafrost and Periglacial Processes сэтгүүлд хэвлүүлэхээр хэвлэлийн редакцтай тохирсон болно. Тус сэтгүүл нь цэвдэг, хүйтний гаралтай үзэгдэл, үйл явцын чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэдэг, энэ талбартаа дэлхийд тэргүүлэгч юм.
Хуралтай холбогдуулан олон улсын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн хээрийн судалгааг Алтай, Хангай, Хөвсгөл, Хэтийн уулархаг нутагт дөрвөн чиглэлийн дагуу хийх юм. Дашрамд дурдахад, Азийн цэвдгийн анхны хурал БНХАУ-ын Ланьжоу хотод 2006 онд 150 гаруй оролцогчтойгоор, хоёрдугаар хурал Япон улсын Саппоро хотод 2017 онд 170 оролцогчтойгоор тус тус зохион байгуулагдаж байжээ.
Н.Мөнхбаатар