Намрын чуулганы 11 удаагийн хуралдаанаас бүгдээс нь эмнэлгийн чөлөө хүсч, нэг ч ирээгүй Л.Гантөмөр энэ долоо хоногт ажилдаа иржээ. Тэрбээр ирсэн даруйдаа Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж хэвлэлд ярилцлага өгсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд гараа хугалж хэвтрийн дэглэмтэй байсан учир хуралдаа ирээгүй гэж тайлбарласан байна.
Тэрбээр энэ үеэр Засгийн газрын үйл ажиллагааг маш муу байгааг тодотгоод дэд сайд нарын томилгоог шүүмжилсэн байна. Л.Гантөмөрийн ийнхүү гэнэт идэвхжсэн нь учиртай бөгөөд тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөнө гэдгээ ил зарлаж буй ганц хүн нь билээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохын тулд идэвхжиж, ирэх өдрүүдэд сөрөг хүчний ажлаа хийх нь. Л.Гантөмөрийн хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан бөгөөд Засгийн газар огцорсны дараа буюу өнгөрсөн наймдугаар сард АН-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн юм.