Өвөрмөц содон хоолой, цээл сайхан дуугаараа ардын дуу, уртын дууг амилуулж яваа залуу уран бүтээлч Н.Шүрэн-Эрдэнэтэй бид энэ удаа ярилцлаа. Тэрбээр дуу хуурын өлгий Дундговь аймгийн Адаацаг суманд төрж өссөн бөгөөд 2015 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлжээ.
Түүнийг “Алаг хоргой дээл”, “Хангал зээрд” зэрэг олон дуунуудыг шинэчлэн дуулсанаар уртын дуу сонирхогчид сайн мэдэх бөгөөд “Хослон жаргая” хэмээх дуугаараа олны сонорыг мялаасан юм. Ингээд түүнтэй уртын дуу, залуу уран бүтээлчдийн талаар ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Хэн бүхний зориглож сонгоод байдаггүй “Уртын дуучин” гэх мэргэжлийг эзэмшихээр зориг шулуудсан тэр үеэс яриагаа эхэлье?
-МУГЖ Г.Хонгорзул эгчийн ярилцлагыг анх сонсоод уртын дуунд дурлаж байсан юм л даа. Ингэж явсаар уртын дуучин мэргэжлийг наймдугаар ангидаа сонгож байлаа. Багаасаа дуунд дуртай, дуулдаг хүүхэд байсан болохоор Монголын хүүхдийн ордонд сурч, тэндээ бэлтгэгдэж байгаад СУИС-ийн уртын дуучны ангид элссэн юм. Тэр үеэс эхлэн нэрт уртын дуучин МУАЖ А.Нэргүй багшийнхаа дор бэлтгэгдсэн. Багш маань СУИС-д багшилж олон шавь нар бэлдэж байгаа хүн байдаг даа.
-Дэлхий дахинд үнэлэгдэж, ондоошиж буй Монголын цөөн хэдэн язгуур урлагийн нэг нь ардын дуу, уртын дуу байдаг. Энэ урлагийн төрөл зүйлийн гол онцлог шинж юу байдаг гэж боддог вэ?
-Уртын дуу бол Монголын сонгодог урлаг. Дуучнаас хоолойны маш өргөн цар хүрээ, ухаан болон боловсрол шаардсан урлаг гэж би боддог. Миний хувьд Монгол ардын дуу, уртын дуу, олон түмний дунд ардын дуу мэт чихэнд нь хоногшсон хуучны сайхан морины дуунуудыг шинэчлэн дуулж байгаа. Хоолойны маань өнгөнд морины дуу их тохирдог. Тэр ч утгаараа МУГЖ Ж.Нансалмаа гуайн охиноос “Хангал зээрд” дууных нь зөвшөөрлийг авч, өөрийн хувилбараар дуулан, дүрсжүүлсэн нь олон хүнд хүрсэн.

-Дуулдаг хүн бүр уртын дууг дуулж чаддаг байдаггүй. Магадгүй арай өөр цар хүрээтэй хүмүүс байдаг байх. Энэ сайхан дуулах авьяасыг хэнээс өвлөж авсан гэж боддог бол?
-Ээж, эмээ нар маань их сайхан дуулдаг хүмүүс байдаг. Миний хувьд Дундговь аймгийн Адаацаг сумын “Дэлдэн улаан”-ны удам гэж их сайхан дуулдаг, дууч хүмүүсийн үр сад нь болж төрсөн. Бас өөрийгөө их азтай хүн гэж боддог. Аав, ээж маань бага байхаас л намайг маш их дэмждэг байсан. Багаасаа л сайн эцэг эхийг хайранд өсөж, сайхан мэргэжилтэй болоод сайн хань, сайхан үр хүүхэдтэй болсон минь хамгийн том аз жаргал юм даа.
-Анхны тайзнаа гарахад ямар мэдрэмж төрж байсан бол, хэр их сандарч байв?
-Миний анхны тайз Хүүхдийн ордны тайз байсан. Тухайн үедээ их л сүрдэж байснаа санадаг. Гэхдээ тайзан дээр гарахдаа тэгж их сандарч, айдаггүй. Олон зүйлийг сурч авч байна даа л гэж боддог
.
-Сургуулиа төгсөөд дуучны гараагаа хэрхэн эхэлж байсан бол?
-2015 онд сургуулиа төгссөн. Ингээд мэргэжил нэгт, дуулдаг хоёр охинтой хамтраад уртын дууг хоолой салгаж дуулдаг хамтлаг байгуулж байлаа. Харин өмнөх оноос эхлэн ганцаараа уран бүтээлээ туурвиж байна. Мэргэжлийн дуучин хүний хувьд энэ ондоо багтаад өөрийн бие даасан тоглолт болон цомог, пянз гарахаар төлөвлөчихсөн ажиллаж байна даа.
-Уртын дууг залуу үеийнхэн төдийлөн сонсохгүй байгаа анзаарагддаг. Зарим хүмүүс орчин үеэ дагаад урлаг, соёл ч өөрчлөгдөх ёстой гэдэг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Уртын дуучдын хувьд биет бус өвийг тээж явдаг хүмүүс учир уртын болон ардын дууг олон түмэндээ, ялангуяа залуу үедээ таниулах нь бидний үүрэг гэж боддог. Тийм ч учраас уран бүтээлээ зогсолтгүй туурвиж, үндэснийхээ урлагийг түгээн дэлгэрүүлэхээр хичээн ажиллаж байгаа. Гэхдээ нэг үеэ бодвол Монголын ард түмэн үндэснийхээ өв соёлыг сонирхдог болсон байна лээ.

-Таны хамгийн их дуулах дуртай уртын дуу ямар дуу вэ?
-Монгол ардын айзам уртын дуу “Уяхан замбуу тивийн наран”. Энэ дуу миний хамгийн дуулах дуртай дуу. Утга агуулга, цар хүрээний хувьд ч үнэхээр гайхамшигтай дуу гэж боддог доо.
-Ойрын зорилгоосоо бидэнд хуваалцахгүй юу?
-Мэргэжлийн дуучин хүний хувьд энэ ондоо багтаад өөрийн бие даасан тоглолт болон цомог, пянз гарахаар төлөвлөчихсөн ажиллаж байна даа.

Н.Мөнхбаатар