Шадар сайд Т.Доржханд нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ “Б.Мөнхцэлмэгийг хажуудаа арав гаруй жил бэлдэж байна” гэсэн утгатай зүйл ярьсан. Харин аялагч Б.Мөнхцэлмэг хариу тайлбар хийж, ХҮН намын гишүүнчлэлээс татгалзах талаараа мэдэгдсэн.
Тэрбээр “Би улс төрийн зорилгоор улс орнуудаар влог хийж явдаг байсан бол 2024 онд нэр дэвших л байсан, дэвшвэл гарах ч байсан. Тухайн үед миний нэрийг рейтингийн судалгаагаар энэ 2 дүүрэгт ийм шаанстай орж байна, нэр дэвшээч гэж нэг биш удаа саналууд ирж байсан. Би дэвшээгүй яагаад гэвэл надад дэлхийг танин мэдэх зорилго байсан. Бас 2015 онд үүсгэн байгуулалцаж байсан ХҮН нам засагт ороход хүссэн газрынхаа дарга даамал хийх боломж байв. Би татгалзсан, яагаад гэвэл бас л дэлхийг танин мэдэх зорилгоо дагав. Өнөөдөр би үүсгэн байгуулалцсан ХҮН намын гишүүнчлэлээсээ татгалзаж байна удахгүй Монголд очоод цаасаар өргөдлөө өгнө. Яагаад гэвэл дахиад л дэлхийг танин мэдэх зорилгоо дагаж байна. Одоо би дөнгөж дэлхийн талд хүрч байна “үүнээс цааш газар үгүй” гэж Эзэн Чингис хааныхаа үгийг биелүүлэхэд дахиад олон жилийн урт аялал намайг хүлээж байна. Бас би улс төрд бэлдээд эсвэл бэлдүүлээд байгаа зүйл огт байхгүй. Нэр дэвшихээ хүрвэл би өөрөө хэлээд зарлаад явчихна. Гэхдээ надад тийм цаг хугацаа алга, дэлхийг бүрэн танин мэдэх л чухал байна" гэжээ.