Б.Тамир: Өнөөдрийг хүртэл тэсэж ажилласан туслан гүйцэтгэгч компаниудаас уучлалт хүсье

Б.Тамир: Өнөөдрийг хүртэл тэсэж ажилласан туслан гүйцэтгэгч компаниудаас уучлалт хүсье

Төрийн Өмчит Хувьцаат Компани (ТӨХК)-иудад ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.

-ХЯТАД УУРХАЙД ТЕХНИКЭЭ ТҮРЭЭСЭЛСНЭЭС Ч ДОР БАЙНА-

Багахангай дэд чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон компанийн төлөөлөл “Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт төмөр замын далан босгох ажиллагааг гүйцэтгэсэн. Төмөр замын нарийн даланг босгоход маш олон сая м.куб шороо зөөж далан босгоно. Бид төрийн өмчит компанитай хамтарсан гэрээ гэхээр нь тодорхой хэмжээнд итгэлтэй орсон. Төмөр замын том бүтээн байгуулалт, мега төслүүдийнх нь нэг нь юм байна. Асуудалгүй байх, сайхан бүтээн байгуулалтын ажил руу орлоо гэсэн итгэлтэй байсан. Гэтэл одоо нэг хятад уурхайд техникээ түрээсэлснээс ч дор байна шүү дээ” гэв.

-ТӨСӨЛД АЖИЛЛААД САНХҮҮЖИЛТЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА КОМПАНИУДААС УУЧЛАЛТ ХҮСЬЕ-

Төслийг хариуцагч Монголын төмөр зам төсөл хөтөлбөр судалгааны төвийн дарга Б.Тамир: Би одоогоор Улаанбаатар хотын терминал, төмөр замын аюултай ачааг шийдвэрлэх Багахангай дэд чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж байна. Бид өөрсдийн инженер техникийн ажилчдын хүч, ур чадвараар төмөр замын зураг төслийг хийсэн. ТЭЗҮ-ээ мөн хийсэн.

Энэ хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогоор судалгаа, газар шороо, гүүр хоолой гэх мэтээр бүгдийг нь оролцуулаад тооцвол 63 ААН-ийн 2400 орчим инженер техникийн ажилчид, 1400 орчим техник хэрэгсэлтэй ажилласан. Төсөл 2025 оны дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн. Газар шорооны ажил тавдугаар сард эхлээд аравдугаар сар хүртэл нэлээд ахицтай явсан. Газар шорооны суурь бүтцийн ажил 97 хувьтай байна.

Эхний 7.1 км замын суурь бүтцийг өөрсдийнхөө хүчээр хийгээд явсан. Одоо манай үйлчилгээний зүтгүүрүүд ажиллаж, зам төмрүүд орж ирээд явж байна. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн учраас бид зам төмрөө татах, бидон дээрээ зөөж буулгах ажлыг тасралтгүй явуулсаар байна. Дөрөвдүгээр сараас газар шорооны ажлууд үргэлжилнэ. Энэ бүхэнд 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүд оролцсон. Төсөлдөө гадаадын инженер техникийн ажилчид, компаниудыг оролцуулахгүй гэсэн бодлогыг баримталж буй. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ мега төслийн хүрээнд дэмжье гэсэн зарчмаар ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар төслийн хоёрдугаар шатны бэлтгэл ажлууд хангагдаад явж байна. Толгойтоос баруун тийш 4.3 км төмөр замаа гол шугамтай холбох ажлуудыг хийнэ. Одоогийн байдлаар үндсэн техникийн зураг төслүүд хийгдээд дуусаж байна. Үүн дээр судалгааны ажлууд хийгдээд явна. Манай төсөлд ажиллаж байгаа 63 ААН бий. Тэдгээрийн ихэнх нь машин механизм түрээсэлж ажилладаг. Манайх эхлээд Хөгжлийн банкнаас зээл авахаар хөөцөлдсөн. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад Хөгжлийн банкны зээл удаашралтай явсан. Ингээд бид Засгийн газраар тогтоол гаргуулаад нээлттэй бонд гаргасан. Бондын санхүүжилт болон компанийн үндсэн хөрөнгөөр нийт 209 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.

Үндсэн далангийн ажил миний мэдэж байгаагаар 350 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй гэрээтэй ажил бий. Үүнээс 200 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компаниудад өгсөн. 2025 оны арванхоёрдугаар сард Зам тээврийн сайд болон холбогдох хүмүүс гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзалт хийсэн. Уулзалтаар сайд “Газар шорооны ажлуудын санхүүжилтийг олгоно. Гэхдээ та бүхэн дороо туслан гүйцэтгэгч компани ажиллуулж байгаа бол тэр хүмүүсийнхээ санхүүжилтийг нэн тэргүүнд өгөөрэй. Үүний дараа тэдгээр хүмүүстэйгээ тооцоо санхүү дууссан гэдэг баримт нотолгоогоо үзүүлж байж дараа дараагийн санхүүжилтийг нь олгоно” гэдэг асуудлыг хэлсэн. Манай компанийн зүгээс ч үндсэн гэрээгээр орсон компаниудынхаа төлөөлөлтэй уулзалт хийгээд “Танайх дороо хэдэн гэрээтэй туслан гүйцэтгэгчтэй вэ.

Тэдэнтэйгээ төлбөр тооцоо, санхүүжилтийн асуудал бий юу” гэдэг асуудлыг ярьсан. Үүний мөрөөр манай төсөлд ажиллаж байгаа олон ч жолооч, оператор, ажилтнууд надтай ирж уулзсан. Яг л нөгөө зүйлээ л ярьсан. Манай компанийн зүгээс бондын асуудал нэлээд удаашралтай явж байгаа. Өнөөдрийн байдлаар авсан мэдээллээр Голомт банкнаас манайд бондын тодорхой хэмжээний санхүүжилтийг олгохоор ажиллаад явж байна. Яг үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл тэсэж ажиллаж ирсэн туслан гүйцэтгэгч компаниудаас уучлалт хүсмээр байна. Бид чадлаараа санхүүжилтээ босгоод явж байгаа боловч зарим нэгэн нөхцөл байдлын улмаас тухай бүр нь санхүүжилтээ олгож чадахгүй байгаа. Эсрэгээрээ бид санхүүжилтээ босгохоор дор бүрнээ хичээгээд явж байгаа. Тиймээс манай төсөлд ажиллаад санхүүжилтээ авч чадахгүй байгаа компаниудаас уучлалт хүсье. Бид хичээж ажиллаж байгаа ч биднээс шалтгаалахгүй зарим нэг нөхцөл байдлыг та бүхэн ойлгоорой.

С.ОТГОНБАЯР