“Занабазар: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү” тусгай үзэсгэлэн Итали улсад нээлтээ хийлээ

“Занабазар: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү” тусгай үзэсгэлэн Итали улсад нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс хоорондын боловсрол, соёл шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.

Энэхүү баримт бичгийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Итали улсын Ром хотын урлагийн тэргүүлэх төвийн нэг Галлерей Боргезетэй хамтран “ЗАНАБАЗАР: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү” тусгай үзэсгэлэнг дэглэж (2026.01.19) нээлтээ хийлээ.

Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд нь Азийн урлагийн сонгодог жишээ төдийгүй дэлхийн урлагийн сонгодгуудтай эн зэрэгцэн ийнхүү Итали улсын Ром, Турин хотуудад хоёр сарын турш гарах юм.

Тус үзэсгэлэнг нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хэлэхдээ “...Өндөр гэгээн Занабазар нь Буддын урлагийг Монголын тал нутгийн нүүдэлчдийн ертөнцөд хөгжүүлж, гайхамшигт бүтээлүүд туурвиж, шашны шинэчлэл хийсэн онцгой хутагт байсныг түүхэн баримт, түүний үлдээсэн өв нэгэнт нотолдог. Түүний бүтээлд нүүдэлчдийн оршин буй байгаль цаг уурын онцлог, амьдралын өдөр тутмын хэв маяг, уламжлалт зан үйл, хүчирхэг хийгээд сургамжит цаг үеийн түүх, гүн ухаан, сэтгэлгээний онцлог бүрэн цогцоороо нэвт шингэж, нүүдэлчдийн урлагийн өнгө төрх, илэрхийлэл болж байгаагаараа дэлхийн олон хүмүүсийн сонирхлыг татдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазар 20 жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад, тэр дундаа дэлхийн урлагийн сэргэн мандалтын голомт Итали улсад дэлгэгдэж байгаа нь чухал ач холбогдолтой” юм гэдгийг онцлон тодотгов.

Монгол Улсын ССАЖЗЯ, ГХЯ, Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайдын яамнаас дэмжин ажилласан үзэсгэлэнгийн нээлтэд Галлерей Боргезе-ийн захирал Франческа Каппалетти, Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, тус улсын хэвлэл мэдээллийн салбарынхан, урлаг соёлын судлаачид болон бусад төлөөлөл оролцлоо.