Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулахаар болсон байна.
Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг . Үүний 70 гаруй хувиар импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг аж. Тиймээс энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, дүүргийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулна. ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд үйлдвэрийн үнийг санал болгох юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж малл” худалдааны төвд болно гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.