Зууны манлай дуучин Б.Сарантуяа урлагтай амьдралаа холбосон 40 жилийн ойгоо тохиолдуулан “Амьдрал намайг дуунд уяраажээ” тоглолтоо хийх болсноо зарлалаа.
Тэрээр “Тэртээх 1986 оноос дуу дуулах хүсэлдээ хөтлөгдөн урлагийн замналаа эхлүүлсэн 16 настай Сараа нь өдгөө эстрад, рок, попын тайзнаа 40 жилтэйгээ золгох гэж байна. 1996 онд “Соёлын Төв Өргөө“ -ний тайзнаа “Хайрын бурхан 10 жил”, 2016 онд "Corporate convention Hall"-д 30 жилийн ойн тоглолтоо рок попын хамт олон, гэр бүл донтны найз нөхөд, мэргэжлийн урлагийн байгууллагууд, фен олон түмэн сонсогчтойгоо баяр хөөр цог жавхлантайгаар тэмдэглэж байсан торгон мөчүүд саяхан мэт. Олон сайхан урлагийн бурхан тэнгэрүүд маань тэр үеэс хойш тэнгэрт олноороо биднийгээ орхин хальсан ч та бүгдийгээ дурсан санан, хамт эхлүүлсэн урлагийн эх үйлсдээ үнэнч, тууштай хэвээр байна гэдэгтээ Сараа дүү нь итгэлтэй байна. Миний хувьд “Амьдрал намайг дуунд уяраажээ” тоглолтоо 2026 оны 06-р сарын 6-нд Төв Цэнгэлдэхэд хийхээр боллоо. Урлагийн тайзнаа тасралтгүй 40 жил дуулсныхаа ойн баярын тоглолтоороо 40 дуу дуулж, үзэгч та бүхэндээ урьд өмнө үзэж, сонсож байгаагүй Сарааг үзүүлэхийг хичээнэ, эрмэлзэнэ" гэжээ.