Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг 2022 онд нээсэн. Тэгвэл тус платформоор хотын даргаа иргэд өөрсдөө сонгодог болох өргөдлийг иргэн Монхорын Төртогтох санаачилжээ.
Өчигдөрөөс эхлэн иргэдээс санал хурааж эхэлсэн тус өргөдөлд өнгөрсөн нэг хоногт 2.085 хүн дэмжин гарын үсэг зурсан байна. Тус өргөдөл “D.Parliament” сайтад байршсанаас хойш 30 хоногийн дотор 100 мянган иргэн тус саналыг дэмжвэл УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх учиртай.
Тус өргөдөлд иргэн М.Төртогтох “Монгол Улсын иргэн Монхорын Төртогтох миний бие Монгол Улсын нийт хүн амын тал хувь орчим нь амьдарч, улсын эдийн засаг, нийгмийн гол ачааллыг үүрч буй Улаанбаатар хотод амьдарч байна. Гэвч энэ том хотын удирдлагыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгох эрх өнөөг хүртэл бүрдээгүй. Хотын Захирагч улс төрийн томилгооны зарчмаар томилогдож ирсэн нь бодит үнэн. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Улсын Их Хуралд сонгогдсоны дараа шууд томилогдох жишиг тогтсон. Үүний үр дүнд хотын удирдлага нийслэлийн иргэдийн өмнө бус, парламентын болон намын улс төрийн нөлөөнд илүү хариуцлага хүлээдэг тогтолцоотой байна. Ингэснээр хотын бодлого тогтворгүй, богино хугацааны улс төрийн шийдвэр давамгайлах нөхцөл бүрдэж байна. Утаа, замын түгжрэл, газар зохион байгуулалт, авто зам, нийтийн тээвэр, ногоон бүс зэрэг нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх олон асуудал удаашралтай, бодлогын залгамж чанаргүй байгаагийн гол шалтгаан нь хотын удирдлагын энэ тогтолцоотой салшгүй холбоотой гэж үзэж байна. Нийслэлийн иргэд хотынхоо удирдлагыг өөрсдөө сонгож, хотын Захирагч иргэдийн өмнө шууд хариуцлага хүлээдэг, бодлогоо хамгаалж тайлагнадаг ардчилсан тогтолцоонд шилжих шаардлага бодитоор тулгарч байна. Иймд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” болон холбогдох сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд, чөлөөт, шударга сонгуулиар сонгодог эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү e-petition-ийг дэмжсэнээр нийслэлийн иргэд бид Улаанбаатар хотын засаглалыг илүү хариуцлагатай, ил тод, иргэдэд ойр болгох бодит өөрчлөлтийн эхлэлийг хамтдаа тавих юм” гэжээ.