Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн барилга 1960 онд ашиглалтад орсон бөгөөд 2025 онд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтээр актлагджээ.
Гэвч шинэ барилгын асуудал шийдэгдээгүйгээс үүдэн тус байгууллага өнөөдрийг хүртэл Монгол гэрт үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ лабораторийн зураг төсөл бэлэн болсон ч 2026 оны улсын төсөвт зардал нь тусгагдаагүй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Аймгийн хэмжээнд 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна. Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд 13 зам даваа хаагдах магадлалтай бөгөөд 813 хүн, 30 техник бэлэн байдалд ажиллахаар бэлтгэл хангажээ. Баянхонгор аймгийн хувьд газар тариалан эрхлэх боломжгүйгээс аюулгүйн нөөцийн өвсийг 1,700 км зайнаас буюу Дорнод аймгийн Халхгол сумаас татан авдаг байна. Энэ нь тээвэрлэлтийн зардлыг нэмэгдүүлж, төсөвт дарамт болж цаашлаад өвс, тэжээлийн үнийг өсгөх гол шалтгаан болдог. Үүнийг шийдвэрлэхийн тулд аймгийн удирдлагууд ойрхон орших тариалангийн бүс нутагт талбай эзэмшиж, өөрсдөө тэжээл тариалах бодлогын дэмжлэгийг Засгийн газраас хүсжээ.