Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ)-ны Тэргүүлэгчдийн шинэ оны анхдугаар хуралдаан өчигдөр /2026.01.13/ болж, уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулах асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.
Тус уралдааныг их нас, соёолон нас, сонгомол дунд нас гэсэн ангиллаар 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар тогтсон байна.
Засгийн газраас 2019 онд баталсан тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 1-нээс дараах оны тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон юм. Уг асуудлаар өнгөрсөн оны эхээр зарим иргэд морьтой жагсаал хийж байв. Уг жагсаалын дараа Шадар сайд асан С.Амарсайхан "Үндэсний спортыг зохион байгуулахдаа салбар яамдын зөвлөмжийг үндэслэж стандарт, аюулгүй байдлыг хангана. Морин спортын хаврын уралдаан зохион байгуулах эрхийг тухайн орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн" гэж мэдэгдсэн билээ.