НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр IT компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Онцгой, түргэн, цагдаагийн яаралтай дуудлагын авто машин хотхон, хороолол руу шууд нэвтрэх боломжтой смарт чипийг ДХИС-ийн багш Э.Баттөр санаачилж, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон ШУТИС-ийн багш Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нартай хамтран зохион бүтээсэн билээ. Тэгвэл энэхүү смарт чипийг нийслэлийн есөн дүүрэг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дотоодын IT, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай уулзаж төслийг хэрхэн хүртээмжтэй, илүү боловсронгуй болгох талаар санал бодлоо солилцлоо.
Одоогийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба Баянзүрх дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг орон сууцны 100 байршилд суулгаж туршилтыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү тусгай чипээр зөвхөн цагдаа гэхгүй эмнэлэг, онцгой байдлын бүх машин шууд нэвтэрдэг болгоход монголын эрдэмтэд, IT компаниуд хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр онцлов.
Өнөөдрийн байдлаар 1288 автомат хаалт байгаа гэх судалгаа байна. Цаашид автомат хаалт нийлүүлж суурилуулдаг аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, багш нарын уг бүтээлийг илүү боловсронгуй болгоход Мэдээлэл технологийн аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалж холбогдох уулзалтуудыг зохион байгуулсаар байна.