Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч эхэлжээ.
НЗДТГ-ын мэдээлснээр, уг төслөөр нийслэлд олон улсын стандартад нийцсэн, олон эгнээ бүхий авто замын сүлжээ шинээр байгуулах юм. Төслийн трасс нь Баянгол дүүргийн нэг, Сонгинохайрхан дүүргийн ес, Чингэлтэй дүүргийн тав, Сүхбаатар дүүргийн нэг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо буюу таван дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг дамжин өнгөрнө.
Авто замын нийт уртын 90 гаруй хувь нь гэр хорооллын бүсээр төлөвлөсөн нь хотын захын суурьшлын бүсүүдийг холбож, төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой.
Мөн трассын дагуу инженерийн дэд бүтцийн шугам, хоолойг цогцоор нь шийдвэрлэснээр зам дагасан бүтээн байгуулалтыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх, улмаар газрын ашиглалт, хөгжлийн зохион байгуулалт илүү оновчтой болох нөхцөл бүрдэх юм.
Сүүлийн үеийн судалгаагаар замын түгжрэл, хөдөлгөөний удаашрал нь дотоод шаталтат хөдөлгүүртэй авто машинаас ялгарах хорт бодисын хэмжээг эрс нэмэгдүүлдэг нь тогтоосон байна. Тухайлбал, авто машины утаанд 200 орчим төрлийн химийн нэгдэл, хорт бодис агуулагддаг. Тэдгээрийн ялгарах хэмжээ нь авто машины элэгдэл, шатахуун зарцуулалт, тээврийн хэрэгслийн жин, замын эсэргүүцэл, хөдөлгөөний хурд, жолоочийн жолоодлогын ур чадвар, засвар үйлчилгээний чанар зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна.
Үүнд, дундаж хурдтай, ачаалалтай авто машин 1 кг бензин шатаахад дунджаар 300-310 грамм, 1 кг дизель түлш шатаахад 80-100 грамм хорт бодис агаарт ялгаруулдаг байна. Иймээс замын хөдөлгөөний урсгалыг жигдрүүлж, түгжрэлийг бууруулах нь агаарын бохирдлыг багасгах бодит шийдэл юм. "Нэгдүгээр тойрог зам" төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн ачаалал буурч, дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ шатахуун зарцуулалт багасаж, агаарын бохирдол, хорт хий ялгаралт мэдэгдэхүйц буурах ажээ.