Нэгдүгээр сарын 13-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 17-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор, 15, 16-нд нутгийн өмнөд хэсгээр, 17-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Мөн 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Заг-Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -28...-33 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.