Н.Наранбаатар: Хаврын чуулганаар Татварын багц хууль, Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох зэрэг чухал хуулийг хэлэлцэнэ

Н.Наранбаатар: Хаврын чуулганаар Татварын багц хууль, Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох зэрэг чухал хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар намрын чуулганы хугацаанд тус байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. 

ВИДЕО:

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 25 удаа хуралдсанаас, дангаараа 14 удаа, бусад байнгын хороодтой хамтран 11 удаа хуралдсан. Нийтдээ энэ хугацаанд 44 асуудлын хүрээнд долоон хууль, УИХ-ын гурван тогтоолыг батлуулсан. Мөн яам, агентлаг, харьяа байгууллагын найман тайлангийн мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, байнгын хорооны долоон тогтоолыг гаргасан. Ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсөв, Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тухай хуулиуд болон 2027-2028 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гурван тогтоолын төсөл болон бусад холбогдох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

УИХ-аар дунд хугацааны төсвийн мэдэгдлийг дөрвөн үе шаттайгаар, Монгол Улсын төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцэн батлах хуулийн өөрчлөлтийг УИХ өнгөрсөн оны долдугаар сард баталсан. Монгол Улсын төсвийг илүү үр дүнтэй хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих боломжийг бүрдүүлж, Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэн баталсан нь онцлог байлаа.

Ингэснээр 2026 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 31.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 31.2 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 33 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.2 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ний хоёр хувь ашигтай байхаар, тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон тэнцвэржүүлсэн төсвийн тэнцэл нэг хувийн алдагдалтай байхаар баталлаа.

Мөн 2026 оны төсвийн жилд нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүнг 35.2 их наяд төгрөгөөр, улсын төсвийн орлогыг 20.5 их наяд төгрөгөөр тус тус тооцож, төсвийн тогтворжуулалтын санд 367.6 тэрбум төгрөгийг, Үндэсний баялгийн санд 2.9 их наяд төгрөгийг хуримтлуулахаар тооцсон. Гол нэрийн экспортын хэмжээг өмнөх оныхоос бууруулахгүй байх, худалдааны боомтуудын дэд бүтцийг шинэчлэн, сайжруулж хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гааль, татварын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, иргэдийн татварын ачааллыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулах замаар татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх нь төсвийн орлого бүрдүүлэх гол нөхцөл гэж үзсэн.

Төмөр зам болон хилийн боомтуудын хүчин чадалтай холбогдуулан 2026 онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 3.8 сая тонн газрын түүхий тос, 9.4 сая тонн төмрийн хүдэр зэрэг эрдэс бүтээгдэхүүнийг олборлож экспортлохоор төлөвлөсөн гэв.