Ирэх амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөхгүй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, энэ пүрэв гарагаас буюу нэгдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -30...-45 градус, өдөртөө -19...-29 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа юм байна.
2026 оны 01 дүгээр сарын 12-21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр,
17-18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
14-нд баруун аймгуудын нутгаар,
15-17-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -29...-34 градус,
Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 14-нд цас, 15-нд ялимгүй цас орж, зөөлөн шуурга шуурна.
Салхи: 15, 17, 18-нд секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 13, 14-нд хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор -21...-26 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, 15-21-нд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -31...-36 градус, бусад хэсгээр -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.