NTV телевизийн 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр цацагдсан “Болзоо” нэвтрүүлгээр НОБГ-ын орлогч дарга асан, бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатар оролцож, гал сөнөөгч хүүгээ галд алдсан ч нөхөн төлбөр болгож улсаас өгдөг байрыг өгөөгүй талаар ярьсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг дараах мэдээллийг хийжээ.
Шадар сайд Х.Ганхуяг, “Эх орныхоо төлөө албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нэг ч аавын хүүг ингээд орхиж болохгүй. NTV телевизийн 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гарсан “Болзоо” нэвтрүүлгээр НОБГ-ын орлогч дарга асан, бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатарын хөндсөн асуудалтай холбогдуулан яаралтай ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлыг нэн даруй шалгаж эхэллээ. 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өглөө “Сутай таун” хотхонд гарсан гал түймрийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагч, дэслэгч Э.Энхболдын ар гэрт үүссэн нөхцөл байдалд гүнээ харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлыг Шадар сайд миний бие онцгой анхаарч, холбогдох байгууллагуудаар нэн даруй шалгуулж, хууль, журмын дагуу зохих шийдвэр гаргахаа илэрхийлж байна. Онцгой байдлын алба хаагчид өдөр бүр амь нас, эрүүл мэндээ үл хайхран үүргээ гүйцэтгэж байдаг Монгол төрийн найдвартай түшиг билээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын нэр төр, гавьяа зүтгэлийг Монголын төр үргэлж дээдлэх ёстой гэдгийг онцлон илэрхийлье. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийг хамгаалж, хуульд заасан анхаарал халамж, дэмжлэгийг бүрэн хүргэх нь төрийн үүрэг. Энэ хүрээнд талийгаач Э.Энхболдын ар гэртэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаас нягтлан тодруулж, гарсан дүгнэлтэд үндэслэн зохих шийдвэрийг гаргахаа мэдэгдэж байна” гэжээ.