Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг олгоогүй асуудлаар Сангийн яаманд шаардлага хүргүүлээд байсан. Тиймээс үүнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн салбарын төлөөллүүд ирэх даваа гарагт төв талбайд тайван жагсаал хийнэ гэж мэдэгдлээ.
Тодруулбал, тус холбооны мэдээлснээр, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн онд улс даяар 1000 гаруй аж ахуйн нэгж зээл аваад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Гэвч эдгээр ААН-үүдийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 20.1 тэрбум төгрөг өнөөдрийг хүртэл олгоогүй аж. Нийт 30 гаруй тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн ч үүний дөнгөж 30 хувийг л шилжүүлж, үлдэгдэл санхүүжилтийг олгоогүй нь салбарт хүндрэл үүсгэжээ. Хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол малын халдварт өвчин олноор дэгдэх, улмаар хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий гэж салбарынхан анхааруулж байна. Иймд бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг төрийн бодлогын түвшинд хүргэх зорилгоор Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос тайван жагсаал зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ.