Өнөөдөр /2026.01.09/ нутгийн зүүн хагаст, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Харин маргааш буюу энэ сарын 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, энэ сарын 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар, энэ сарын 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи энэ сарын 10, 12-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 11-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Маргааш /2026.01.10/ ихэнх нутгаар жавартай хүйтэн байх боловч Ням гараг буюу энэ сарын 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.