Холимог тулааны Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ 2026 оны нэгдүгээр сарын 08-наас 11-ний өдрүүдэд БНХАУ-ын Сычуань мужийн Лужоу хотод зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд Азийн 30 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.
Монгол улсыг төлөөлөн Азийн дэвжээнд нийт 14 тамирчин гарах бөгөөд баг тамирчдыг ахлан Монголын Холимог Тулааны Холбооны ЕНБД Г.Дашдаваа болон дасгалжуулагч Г.Чулуунхуяг нар ажиллах юм. Азийн холимог тулааны холбооноос зохион байгуулж буй энэхүү тэмцээнээр “Аичи Нагоя-2026” Азийн зуны спортын XX дугаар наадам болон “Рияд 2026” “Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-уудад оролцох эрхийг олгохоороо онцлогтой болж байна.
Сонирхуулахад, 2024 онд Камбож улсад явагдсан Азийн аваргын тэмцээнээс Монголын холимог тулаанчид 1 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан билээ. -96 кг-д өрсөлдсөн ОУХМ Э.Мөнгөншагай азийн аваргын дэвжээнд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн бол ОУХМ Б.Алтанчимэг -60 кг-д хүрэл медалийн болзол хангаж байв.