Өмнөговь аймаг “Тэмээ судлах төв” ОНӨААТҮГ байгуулсан талаар анх УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн. Тэгвэл "Тэмээ судлах төв”-ийг байгуулахаар 1 тэрбум гаруй төгрөгийн тендер зарлаж, ирэх оны Өмнөговийн төсөвт суулгах ажлыг тус аймгийн Засаг дарга Н.Энхбат нар болон ИТХ-ынхан хийж байна.
-"ТЭМЭЭ СУДЛАХ ТӨВ"-ИЙН ЛАБОРАТОРИЙН ТӨХӨӨРӨМЖ АВАХААР ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙГ ӨНГӨРСӨН НАЙМДУГААР САРД ЗАРЛАЖЭЭ-
Анх 2023 онд Дэлхийн тэмээний өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэж, “Монгол Улсын хос бөхт тэмээ –хөгжлийн боломж, стратеги” зөвлөлдөх уулзалтаас зөвлөмж гаргасан юм байна. Үүнд Өмнөговь аймагт Тэмээний эмнэлэг, Тэмээ судлалын төв байгуулах санаачилгыг дэмжиж, төрөлжсөн мал эмнэлгийн үйлчилгээ, мэдлэг, арга туршлагыг бусад аймгуудад түгээн дэлгэрүүлэх зөвлөмжийг хүргэж байжээ. Түүнээс өмнө буюу 2022 онд Тэмээ судлалын төвийг байгуулах санаачилгыг УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед гаргаж байжээ. Энэ дагуу Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн санал боловсруулах" ажлын хэсэг байгуулсан байгаа юм.
Энэ төвийн гол үйл ажиллагаа нь тэмээнээс гарах ашиг шимийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өсгөн нэмэгдүүлэх боломжийг судалж, үйлдвэрлэлийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллах гэнэ.
Улмаар Тэмээ судлалын төвийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалтын тендерийг өнгөрсөн 2025 оны наймдугаар сард зарласан байна. Ингэхдээ нийт 1 тэрбум 30 сая төгрөгийг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлэх бөгөөд 282 сая төгрөгийг тэмээ судлалын лаборатори байгуулахад, 748 сая төгрөгийг тэмээ судлалын лабораторийн тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулахаар төсөвлөсөн байна. Уг тендерт “Сод Монгол гэгээ” гэх компани шалгарчээ.

Мөн тэмээний төрөлжсөн мал эмнэлэг, тэмээ судлалын төвийг оффисын тавилга, тоног төхөөрөмжөөр хангах 58 сая 300 мянган төгрөгийн төсвийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргуулахаар тендер зарлаж, “Монтех дистрибьюшн” гэх компанийг шалгаруулсан байгаа юм. Одоогоор ил мэдэгдээд буй төсөв нь энэ бөгөөд 2026 оны Өмнөговь аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөвт тусгахаар төлөвлөж байгаа аж.

-ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ЦӨӨЛӨХ БОДЛОГЫГ ЗАСГААС БАРИМТАЛЖ БАЙХАД УГ ШИЙДВЭРЭЭС ЗӨРСӨН ШИЙДВЭРИЙГ ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА ГАРГАЖ БАЙНА-
Тэгвэл Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг авч байгаа. Үр ашиггүй, үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг, өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгаж байгаа гэсэн үг. Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Төрийн болон орон нутгийн өмчит компани нэмж байгуулахгүй байх тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлж байлаа.
Одоогийн засгийн газар ийнхүү төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлого баримталж байхад Өмнөговь аймаг төрийн өмчит компани нэмж байгуулж байна.
Өнгөрсөн он гэхэд л төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын өр төлбөр 22 их наяд 900 тэрбум төгрөг болж, энэ нь ДНБ-ий 35 хувьтай тэнцэж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлж байв. Энэ мэтчилэн зайлшгүй шаардлагатайгаас бусад үлгэн салган, үр ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчилж байхад нэг аймаг нь дур мэдэн төрийн өмчит газар байгуулаад түүндээ орон нутгийнхаа төсвийг цацаад байгаа явдалд Засгийн газраас ямар арга хэмжээ авах нь анхаарал татаж байна.