Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас дулаан байжээ

Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас дулаан байжээ

Ус цаг агаар, орчны газрын мэдээлснээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилийнхээс -0.3 хэмээр хүйтэн, олон жилийн дунджаас 1.1 хэмээр дулаан байжээ.

Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 31 дэх дулаан сар болсон байна. Сарын агаарын дундаж температурын хувьд нийт өдрийн 55.8 хувьд нь олон жилийн дунджаас 1.1-5.4 градусаар дулаан байсан аж. Тэгвэл -30 хэм давж хүйтэрсэн өдрийн тоо Завханы Отгон, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Ренчинхлүмбэ, Цагаан-Үүр орчмоор 20-иос их байжээ. Мөн Увсын Тэс, Завханы Баянтэс, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Алтанбулаг, Улаанбаатарын Багануур, Буянт-Ухаа орчмоор 15-19 хоногт -30 хэм давж хүйтэрсэн байна. Харин хур тунадасын хувьд Монгол орны хэмжээнд дунджаар 1.6 мм байсан нь өмнөх жилийнхээс 55.8, олон жилийн дунджаас 47.3 хувиар бага орсон байна. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 19 дэх бага тунадастай сар болж өнгөрөв.