ГИХГ-аас өнгөрсөн онд гадаадын 124945 иргэнд виз олгожээ

ГИХГ-аас өнгөрсөн онд гадаадын 124945 иргэнд виз олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газраас 2025 онд нийт 128949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 96.9 хувь буюу 124945 гадаадын иргэнд виз олгож, 3.1 хувь буюу 4004 иргэнд татгалзсан байна.

Олгосон визийн дийлэнхийг аялал жуулчлалын зорилготой виз эзэлж байгаа бөгөөд evisa.mn системээр 75 улсын 85690 иргэнд цахим виз олгожээ. Харин 3913 иргэнд виз олгохоос татгалзсан бөгөөд жуулчлалын цахим визийн олголтын хувь 95.7 хувьтай байна. Виз олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнхийг өмнө нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, мөн бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг шалтгаантай аж.

Олон улсын жишигтэй харьцуулахад, Европын Комиссийн Шенгений визийн албан статистикаар богино хугацааны аяллын визийн олголт дунджаар 85, АНУ-ын Төрийн департаментын цагаачлалын бус (B-1/B-2) визийн олголт 70-75, Их Британийн түр ирэгчийн визийн олголт 80 орчим хувь байна. Тэгвэл Монгол Улсын жуулчлалын цахим визийн олголт 95.7 хувьтай байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт аж.

Монгол Улс гадаадын иргэдийн зорчих зорилгоос хамааран дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэгч гэсэн есөн бүлэг, 64 ангиллын виз олгодог. Үүнээс Гадаадын иргэн, харьяатын газар 58, Гадаад харилцааны яам зургаан ангиллын визийг олгож байна.