Ч.Болдбаатар: Дэлхийн улс төрийн газрын зурагт Монгол Улс дахин "мэндэлсэн" 12 дугаар сарын 29-ны өдрийг хүн бүр бахархан тэмдэглэх ёстой

Ч.Болдбаатар: Дэлхийн улс төрийн газрын зурагт Монгол Улс дахин "мэндэлсэн" 12 дугаар сарын 29-ны өдрийг хүн бүр бахархан тэмдэглэх ёстой

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд  тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн сандуулсны 114 жилийн  ой тохиож буй. Тэгвэл энэ өдрийн талаар МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Болдбаатартай ярилцлаа.

ВИДЕО:

"“ТУСГААР ТОГТНОЛ”-ЫН ӨДӨР ГЭЭД ШУУД НЭРЛЭХ НЬ ЗОХИМЖТОЙ"

-Тэртээ 1911 оны энэ өдөр Монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалаас гарсан өдөр гэж үздэг. Гэхдээ “Дарлал” гэж ярих нь буруу ч гэдэг. Таны байр суурь ямар байдаг вэ?

-Монгол орон Манжид эзлэгдээд 200 гаран жил болсон. Энэ түүхийг түүхчлэлд олон янзаар тэмдэглэсэн. Манжийн колони байсан, Манжийн дарлалд байсан, Манжийн эрхшээлд байсан гэх мэтээр олон янзаар томьёолсон байдаг. Харин сүүлийн үеийн судалгаагаар “Манжийн эрхшээлийн үеийн Монгол орон” гэж ярьж, бичдэг болсон. Тухайн үед Манжийн колони бол байгаагүй гэдгийг баттай хэлж болно. Учир нь түүхчид дагуул буюу түшмэл маягийн улс байсан гэдэг байр сууринд хүрсэн. Монгол орныг Манж нар эзлэн түрэмгийлж, Монголчууд дагаар орсон боловч ямар нэгэн хядлага явагдаагүй. Мөн Монгол ноёд хуучин хэрэглэж байсан хууль, хэв заншлын хүрээнд хамжлага ардаа захирч байсан. Харин улс төрийн хүрээнд Монгол Улсын дээд эзэн нь Манжийнх Хаан байсан бөгөөд дунд, бага түвшинд бол Монголчууд өөрсдөө захирч байсан шүү дээ. Иймд, Манжийн эрхшээлд байсан гэж ярих нь зүйтэй. Харин энэ эрхшээлээс 1911 оны 12 сарын 29-нд тусгаарлаж, бүрэн эрхт улс болсон. Богд гэгээнийг Монгол Улсын шашин, төрийг хослон баригч хаан ширээнд өргөмжилсөн. Өөрөөр хэлбэл 20 дугаар зууны эхэн үед дэлхийн улс төрийн газрын зураг дээр Монгол улс цоо шинээр бий болсон. Улс дахин мэндлэн бий болж байгаа ийм үйл явдал юм. Тийм учраас энэ үйл явдлыг Монголын төлөө цохилох зүрхтэй Монгол хүн бүр бахархан тэмдэглэж, баярлах ёстой. Ингээд 2007 онд анх тэмдэглэлт өдөр болгож, 2011 оноос тэмдэглэлт баярын өдөр болгон бүх нийтээрээ амардаг болсон .

-Та “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр” гэх нэршлийг өөрчлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг.

-Тийм ээ. Энэ хуульд дахин дахин нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой бол “Тусгаар тогтнол”-ын өдөр гээд шууд заах нь зохимжтой гэж үздэг. Ингэхгүй бол хүмүүс Улс тунхагласны баяртай андуурах магадлалтай. Утга агуулгын хувьд энэ өдөр илүү чухал.

"МОНГОЛЧУУД БОГД ГЭГЭЭНИЙГЭЭ ТОЙРОН ХҮРЭЭЛЖ, МАНЖИЙН ЭРХШЭЭЛЭЭС ГАРСАН"

-1911 оны хувьсгалд хамгийн их ач холбогдол өгсөн хүн нь VIII Богд байсан гэж хэлж болох байх.

-Тийм ээ. 1911 оны хувьсгалыг удирдсан хүмүүсийн талаар манай түүхчдийн дунд санал зөрөлдөөн байдаг. Гэхдээ Богд гэгээн бол үндсэндээ оюун санааны удирдагч. Монголчууд Богд гэгээнийгээ тойрон хүрээлж, Манжийн эрхшээлээс гарах энэ тэмцлийг зохион байгуулж, ялалтад хүргэсэн. Богд гэгээний амьдрал бол сонирхолтой, зөрчилтэй. Энэ хүн бол Төвөд хүн шүү дээ. Гэсэн ч тэрээр Монголын тусгаар тогтнолын төлөө эцсээ хүртэл явсан хүн. Тэрээр цагийн нугачаанд хувирахгүй зүтгэж явсан. Мөн манай түүхэнд хаант засаглалын хамгийн сүүлийн хүн байсан. 1921 онд хэмжээт эрхт хаан болсон. Энэ олон түүхийн нугачаан дунд өөрийн байр сууриа тууштай барьж байсан.

-Ер нь түүхэндээ Богд гэгээний хойд дүр манай улсад хэдэн удаа тодорч байсан бэ?

-Энэ цаг үед X Богд Монгол оронд тодорчихсон байна шүү дээ. Ингэснээр энэ түүхэн явцад Монгол оронд гурван удаа Богдын дүр тодорсон байна. VIII Богд Жавзандамба Хутагт 1924 онд жанч халсны дараа Богдын хойд дүрийг залах тухай асуудал гарч ирсэн. Тэгээд “Ялбага” гэдэг газар төрсөн Д.Цэнджав гэдэг эмэгтэйн хүүхдийг IX Богд гэдэг асуудал яригдсан байдаг. Ингээд намын хурлаар энэ хүртэл асуудал яригдсан. Тэр хурлаас маш сонирхолтой шийдвэр гаргасан байдаг. Жирийн хүн Богдыг өргөмжлөхийг мэддэггүй. Иймд Далай ламаас асууж, мэдэх ёстой хэмээн илч илгээсэн байдаг. Далай ламаас хариу ирээгүй учир албан ёсны Богд гэж тооцогддоггүй. Ингээд IX Богдыг Төвөдөөс тодруулсан. Харин IX Богд миний дараагийн дүр Монгол газар тодорно гэсэн гэрээс үлдээсэн юм. Энэ л гэрээслэл дагуу X Богдыг бурхны шашны оройн дээд гэж заллаа шүү дээ. Ингэснээр бид өөрийн бурхан шүтээнтэй итгэл үнэмшилтэй бөгөөд үүнийг залж, авч явах утга учиртай болж байна. Цаашлаад Монголчууд оюун санааны хувьд эвлэлдэн нэгдэх ийм түүхэн боломж тохиолдож байна. Энэ агуулгаараа би X Богдын хөргийг харахаар надад маш сайхан санагддаг. Тэгээд Богд маань урт наслах болтугай гэж боддог.

"ХАЛХ МОНГОЛД ХАЛХЫН ШАРЫН ШАШНЫ ТЭРГҮҮН X БОГД ТОДОРНО ГЭДЭГ НЬ МАШ ЧУХАЛ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ"

-X Богд Монгол орноос тодрох үед таагүй хүлээж авсан улс байлаа.

- Мэдээж, энэ зүйлд зарим улс таагүй хандаж байгааг нуух аргагүй. Бурхны шашныг мөн чанараар нь авч үлдсэн улс бол Умардын шашин гэж нэрлэгдээд байгаа. Энэ Монголын шашин. Энэ шашин Монголоос түгэн дэлгэрнэ. Өөрөөр хэлбэл, бурхны шашныг мөн чанараар авч үлдсэн, номын хутагтууд цугларсан том охь манлай газар бол Халх монгол. Тэгэхээр Халх Монголд Халхын шарын шашны тэргүүн X Богд тодорно гэдэг нь маш чухал түүхэн үйл явдал юм. Богдын дүрээр анхдугаар Богд болон II Богд нар нь Монгол хүн байсан. Түүнээс хойш бол дандаа Төвөд хүн байсан. Харин X Богдоор сая Монгол хүн тодорлоо. Энэ бол бидний хувьд том завшаан, түүхэн боломж.

"СОЁЛЫН ӨВИЙГ ХАДГАЛЖ, ХАМГААЛАХ НЬ ТӨРИЙН НЭГ ЧУХАЛ ҮҮРЭГ. ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ"

-Бидний хувьд Богд маань ямар чухал хүн болох талаар ярилцлаа. Харин бид сүүлчийн хааны ордон, музейг хадгалж, хамгаалж чадаж байна уу?

- Соёлын өвийг хадгалж, хамгаалах нь төрийн нэг чухал үүрэг. Гэтэл Улаанбаатар хотод хуучин цагийн түүхийг харуулах соёлын өв бага үлдсэн байна. Ихэнх нь газраа ч үгүй болчихлоо. Бид хамгаалах ёстой. Гэтэл тэр соёлын өвүүдээ зоосны нүхээр хараад байна. Энэ хотод хүн ирлээ гэхэд цементэн ширэнгэн шугуй үзэхгүй шүү дээ Харин хотод ирээд музей үзнэ. Танай сүүлийн хаан ямар газар аж төрж байсныг үзээд чамлаж байна. Бид түүхээ тоохгүй Богдын хөрөнгийг хурааж, гурав хуваагаад зарцуулсан. Хамаг юм нь байхгүй болсон. Богдын хатан Дондогдуламын зураач Жүгдэрийн зурсан зургаас харахад Богд гэгээн амьтны хүрээлнтэй байсан нь харагддаг. Өөрөө маш том заантай байсан. Тэр зааны нөмрөг нь хүртэл бий. Харин зааныг үхсэний дараа махыг нь зарсан гэх баримт хүртэл байдаг. Богд гэгээн бол их сониуч хүн байсан. Богдын өвийг судлах ёстой. Улмаар өөрийнх нь онцлогийг хадгалж, төрөөс хамгаалалтад авах хэрэгтэй. Олон дурсгалууд байхгүй болж байна шүү дээ.

-Олон улсад бол түүндээ мөнгө зориулж, хадгалж хамгаалдаг. Энэ л бодлого хэрэгтэй байна гэж үү?

-Тийм ээ. Дэлхийн өөр улсууд түүхэн дурсгалт барилгаа сэргээж, босгодог. Тухайлбал, Германы Потсдам бол хамгийн их бөмбөгт өртсөн хот. Гэсэн ч бөмбөгт өртөхөөс өмнө ямар байсан гэдгээ харуулж, сүмээ дахин барьчихсан. Тэр сүмээ музей болгочихсон жуулчдын мөнгийг их авч байна. Энэ мэт жишээг хэдэн мянгыг хэлж болно. Тэгэхээр бид соёлын өвдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Улс ч мөн адил хүндэтгэж, мөнгө зарцуулах ёстой.

-“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан” өдрийн талаар нэг зүйл тодруулъя. Бүх нийтээр амардаг болсон ч залуус утга учрыг нь мэдэхгүй байна. Энэ өдрийг таниулах тал дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ?

- Яг асуудалд бол бидэнд ямар нэг “Эвент” хэрэгтэй гэсэн бодолтой байдаг. Цагаан сараар хадгаа бариад, золгодог. Шинэ жилээр гацуураа засдаг. Энэ мэт бодит ямар нэгэн “Эвент” хэрэгтэй байна. Шинэ жил болохоор модоо засаж, бэлгэ авдаг гэдгийг хүүхэд, залуус бүгд мэддэг, хүлээдэг шиг Үндэсний эрх, чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр нийтээрээ хийдэг зан үйл хэрэгтэй байна. Тэгвэл хүмүүсийн ой санамжид тод үлдэнэ. Чухам ямар зан үйл байх талаар иргэд санал бодлоо хэлэх хэрэгтэй байх.

-Ярилцсанд баярлалаа.