"247 дахь клуб" гэх дууг коверлон дуулж, олны хүртээл болгосноор маш олон хүнд хүрч, тухайн үедээ “Борзон” нэрээрээ сошиалд өндөр хандалт аван, эерэг хандлагыг түгээж байсан Баянхонгор аймгийн арваннэгдүгээр ангид сурагчид болох Б.Дагвадорж, Э.Бадраа, Б.Намгарренчин нар өдгөө юу хийж байгаа талаар сонирхож байсан хүмүүс олон байсан биз. Тэгвэл тэд одоо оюутан болцгоож, тус тусын замаа хөөжээ. Бид тэдний нэг болох Э.Бадраатай ярилцлаа.
ВИДЕО:
Э.Бадраа өдгөө Соёл урлагийн сургуулийн Кино телевиз, медиа урлагийн сургуулийн дууны найруулагчийн ангид суралцдаг, хоёрдугаар курсийн оюутан. “Борзон”-гийнхон анх арваннэгдүгээр ангиасаа хамтдаа ковер дуулж эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар ангиа төгстлөө буюу нэг жил гаруйн хугацаанд хамтдаа дуулжээ. Одоо түүний хоёр найз оюутан болсон. Б.Намгарренчин найз нь тамирын сургуульд элсэж, спортынхоо замналыг хөөсөн байна. Түүний хувьд багаасаа сагс сайн тоглодог, түүндээ дуртай байсан учраас энэ спортынхоо замналыг хөөжээ. Харин Б.Дагвадорж найз нь СУИС-ийн дуулаачийн ангид суралцаж байгаа аж.
Түүний хувьд найз охинтойгоо хамт рийл буюу богино бичлэг хийдэг бөгөөд дуу, уран бүтээлээ орхилгүй, ирээдүйд мундаг дуучин болохоор шамдаж яваа гэнэ.
“Борзон”-гийнхон одоо ковер дуулахаа больсон. Э.Бадраа харин дуучныхаа замналыг хөөж байгаа бөгөөд оюутан болж ирээд л дуунуудаа гаргаж эхэлжээ. Тэрбээр энэ талаараа, “Одоогоор дүрсжүүлээд, клиптэйгээ цацагдсан 4, 5 уран бүтээл байгаа. Одоо хоёр хоногийн дараагаас ахиад нэг шинэ жилд зориулсан уран бүтээл цацагдана. Клипийг нь саяхан хийж дуусаад одоо монтаж дээр нь сууж байгаа. Дэмжиж байгаа хүмүүс гэвэл хамгийн түрүүнд мэдээж манай ах байна.
Мөн миний хувьд одоогийн байдлаар студид харьяалагдаж байгаа. Манай танил ах нар болон найз нарын хамтдаа босголцсон студи байгаа юм аа. Найзууд болон ах нар маань намайг маш их дэмжиж, тусалдаг. Миний дуунуудаас хүмүүст хамгийн их хүрсэн дуу гэвэл “Яблоко” гэдэг дуу. Мөн “Түүнд”, “Хэн ч харахгүй” зэрэг дуунууд бий. Ер нь хүн болгоны мэддэг зүйл чинь хайр шүү дээ. Тийм болохоор хайрын талаар л түлхүү дуулдаг даа” гэсэн юм.
Мөн Э.Бадраа бүх дууныхаа үгийг өөрөө бичдэг гэнэ. Энэ талаар түүний хувьд, “Дууныхаа үгийг бүгдийг нь өөрөө бичдэг. Тухайн үеийнхээ сэтгэл, мэдрэмжээр л бичдэг дээ. Эхлээд дууныхаа хөгжмийг сонсож байгаад түүнд нь тохирч болох үгнүүд, хэлц үг юу байна судалгаа хийж дууныхаа үгийг бичдэг. Гол нь мэдрэмжийн л асуудал л даа.
Юуны талаар дуулах гэж байгаагаа өөрөө мэдрээд, хайр дуулах гэж байгаа бол хайрлаад, хаягдаад үзэх хэрэгтэй. Тэр мэдрэмж нь дуу болж бүтээд, хүмүүст хүрэх л үйл явц шүү дээ” гэсэн юм.
Мэдээж залуу уран бүтээлчдэд уран бүтээлээ хийхэд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь санхүү байх нь мэдээж. Харин Э.Бадраагийн хувьд хөрөнгө санхүүгийн хувьд бэрхшээлтэй байдаг ч дуртай зүйлийнхээ төлөө мөнгөө харамладаггүй нэгэн гэнэ. Яаж ийж байгаад мөнгө олоод л дуугаа хийдэг гэнэ. Өөрөө ажил хийнэ, аав ээжээсээ авна, хүнээс зээлнэ гэхчилэн олон аргаар мөнгө олж, дуртай зүйл болох дуу, уран бүтээлээ гаргадаг аж.
Мөн түүний хувьд энэ жил шинэ жилд уригдан халтуур хийжээ. Энэ талаараа тэрбээр, “Халтуур гэхээс илүү хөдөлмөрөө үнэлүүлж байна гэсэн үг шүү дээ. Зарим хүмүүс ургацаа хураана гэж ярьдаг юм байна лээ. Энэ жил ганц, хоёр газрын шинэ жил, баярын үйл ажиллагаан дээр дуулсан” гэлээ. Э.Бадраа R&B, поп гээд л аль аль чиглэлд эвлэгхэн дуулчихдаг бөгөөд найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдгийн адилаар төрөл бүрээр дуулж, үглэдэг гэв. Мөн багаасаа л урлагийн хүн л болно гэж зорьж, мөрөөдөж эхэлжээ.
“Борзон”-гийнхон ковер дуулсанаас хойш тэдний амьдралд олон өөрчлөлт гарсан бөгөөд юу ч мэдэхгүй гурван мангар бацааныг олон хүн таньдаг болсон ч анхандаа жаахан эвгүй л байсан гэнэ. Хүмүүс түүнээс хоёр найзтайгаа дуу хийх үү гэж маш их асуудаг. Тэрбээр энэ талаараа “тэр бол цаг хугацааны л асуудал шүү дээ. Гэхдээ ер нь дуу хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байдаг” гэсэн юм.
Мөн тэрбээр, “Би хөдөө өссөн хүүхэд учраас хөдөөний найзуудтайгаа барилдсаар байгаад барилдах дуртай болсон. Бас волейбол тоглох дуртай. Одоо тэгээд сурч байгаа учраас энэ юмнуудаасаа холдоод хобби маягтай л болж үлдэж байгаа даа. Манай ааж ээж намайг, миний үзэл бодлыг маш сайн дэмждэг. Ер нь хүний хүсэл, мөрөөдлийг хориод байх нь муухай зүйл шүү дээ. Ойрын зорилго гэвэл цэргийн алба хаах. Оюутан цэрэгт сурна гэж бодож байгаа. Мөн урлагаа орхихгүй, тууштай явна, цэнгэлдэхэд тоглолтоо хийнэ. Ер нь дуу гэлтгүй урлагтаа хүчин зүтгэнэ гэж боддог доо” хэмээн бидэнд ярьсан юм.