УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Элчин сайдуудын томилгоог хэлэлцлээ.
Франц Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор горилогч Ц.Мөнх-Оргил, "Миний хувьд томилолтын дөрвөн жилийн хугацаанд Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлд хүргэх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар АНУ, Япон, Герман, Солонгос, Казахстан, Турк, Энэтхэг, Итали гээд найман улстай стратегийн түншэлтэй. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол, Францын харилцааг энэ найман улстай ижил түвшинд хүргэх ёстой юм байна. Үүнийг хийхийн тулд юуны өмнө цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, манай улсын Засгийн газар, Орано компанийн хооронд байгуулсан хөрөнгө оурулалтын гэрээг ажил хэрэг болгох, мэдээлэл харилцаа холбооны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, Францын хөнгөлттэй зээлээр Монгол Улсын өөрийн холбооны хиймэл дагуулыг хөөргөх ажлыг хийж гүйцэтгүүлэх, Францад сурч байгаа Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх, 156 сая долларын эргэлтэй байгаа худалдааны эргэлтийг наад зах нь тэрбум долларт хүргэх ёстой байна. Энэ ажлыг хийж чадвал Монгол Францын харилцаа стратегийн түншлэлд хүрч чадах юм байна гэж бодож байгаа” гэлээ.