УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо элчин сайдуудын томилгоог хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Анх удаагаа их аятайхан томилгоо яригдаж байна. Гэхдээ томилогдоод үр дүн гаргана гэдэг огт өөр. Бид томилоод явуулдаг. Томилогдохдоо ам өчиг, үүрэг даалгавар өгөөд, сайн ажиллана гээд л явдаг. Гагцхүү эгүүлэн татагдахдаа байнгын хороон дээр тайлангаа ерөөсөө тавьдаггүй. Тайлангаа тавьдаг жишгийг энэ байнгын хороо тогтоомоор байна. Дөрвөн жилийн дараа эргээд энэ элчин сайд нартай уулзмаар байна. Очсон газар орондоо ямар ололт амжилт гаргаж, улсынхаа хөгжлийн төлөө юу хийсэн бэ гэдгийг асуумаар байна. Хоёрдугаарт, үр дүн яаж гарах вэ. Төр засгийн төлөөлөл очихоор бүхий л байдгаараа үйлчлээд гүйгээд байдаг хэрнээ хувийн хэвшил очихоор огт тоодоггүй. Ярвайгаад суучихдаг. Эцсийн дүндээ хувийн хэвшилд л гадаадад суугаа элчин сайд нарын туслалцаа маш их хэрэгтэй байдаг. Мөн залуучуудаа тэр бүс нутагт нь аваачаад сургах хэрэгтэй. Боловсон хүчний бодлого хаа хаанаа толгойны өвчин болчхоод байгаа. Тэгэхээр боловсон хүчний асуудалд онцгойлон анхаарч ажилламаар байна. Ер нь бүхий л бололцоог эрэлхийлж ажилламаар байгаа юм” гэлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Тайлангийн хувьд өөртэй чинь санал нэг байна. Би өөрөө тийм саналыг гишүүд, байнгын хороонд гаргасан. Гадаад харилцааны яам, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийн хийсэн ажил, жилийн хугацаанд гарсан үр дүнгийн талаар тайлан тавих гээд бэлдэж байгаа. Томилогдож байгаа элчин сайдуудтай гэрээ байгуулахаас гадна худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад асуудлаар гэрээ тусад нь байгуулж, тайлангаа хагас жил тутам өгөөд хэвшиж байгаа. Зөрөөд ирэх 23 элчин сайдыг байнгын хороон дээр тайлан тавиулж, байнгын хорооны гишүүдтэй уулзуулья. Ийм бүрэн боломжтой. Бид гадаад орчны эрх зүйн орчныг нэлээд сайн бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Чанар, технологио л сайн хангах юм бол гадаадад хулалдан авахад бэлэн. Гол нь дотооддоо өөрсдөө бэлдэх, аж ахуйн нэгжүүдээ бойжуулах үүрэг Гадаад харилцааны яаманд ирж байгаа. Үүнийгээ ч тусгайлан Элчин сайд нартайгаа тохирч явуулна” гэлээ.