Засгийн газраас харьяа агентлагууд болон төрийн өмчит компаниудын удирдлагуудыг шинээр томилох ажилд анхаарч байна. Ингэхдээ төрийн өмчит компаниудыг ашиггүй ажилласан, 10-15 хувийг олон нийтэд хувьчилна зэргээр тайлбарлаж буй юм. Энэ хүрээнд дээрээсээ доош бүх төрийн өмчит компани, харьяа байгууллагуудынхаа удирдлагыг шинэчилж байгаа.
-Г.ЗАНДАНШАТАРЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Б.ДАВААДАЛАЙГ "ЭРДЭНЭС МОНГОЛ"-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛЖ ТҮҮНИЙ ОРОНД Ш.РАДНААСЭДИЙГ ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОВ-
Тухайлбал, өчигдөр гэхэд /2025.12.05/ Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг томилсон байна. Хоёр долоо хоногийн өмнөөс ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт түүнийг Төрийн ордноор дагуулж явж харагдах болсон. Түүний хувьд МАН-ын даргын төлөөх эд өрсөлдөөний үеэр Д.Амарбаясгалангийн эсрэг нүүрсний хэргийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж Г.Занданшатарт нэмэр болсон юм. Түүнийг эл шагналаа авч байна уу гэх хардлага ч байна. Харин Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Даваадалайг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар томилж байгаа юм. Түүний өмнө "Эрдэнэс Монгол" ХХК-ийг удирдаж байсан С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилж байгаа билээ. Цаашлаад ЦЕГ, ГЕГ, ШШГЕГ, ХХЕГ, МИАТ-ийн даргыг сольсон бөгөөд томилгоо он дуустал үргэлжлэх нь.
-М.БАЯРМАГНАЙ НЬ Г.ЗАНДАНШАТАРТАЙ НУТАГ НЭГ-
Тэгвэл Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан М.Баярмагнайг "Нэтком" буюу Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-ийн захирлаар томилохоор болжээ.
Түүний хувьд Баянхонгорынх бөгөөд Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн магистр зэрэгтэй. 1999-2002 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 2002-2005 онд мөн банкны Судалгаа маркетингийн газрын захирал, 2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн газарт дадлагажигч ажилтан, 2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын газрын захирал, 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал, 2011-2012 онд мөн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2012-2014 онд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, 2012-2016 онд “ЮП” ХХК-ийн дэд захирал, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай гэжээ.
Түүнээс гадна бас нэг томилгоо хийгдэх гэж буй нь И-Монгол-Академийн захирал Б.Мягмарнаранг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргаар томилж байгаа аж.
Түүний хувьд И-Монгол-Академийг амжилттай удирдсан гэх үнэлэлттэй явдаг билээ. Харин түүний оронд И-Монгол-Академийн захирлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн дүү Б.Баттулгыг томилж байгаа гэх мэдээлэл байна. Х.Баттулгын хувийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй биш байдаг аж. Түүний хувьд ч Баянхонгорынх болж таарах нь.