МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.12.04/ хуралдаж, намын 31 дүгээр Их хурлаас томилсон газар, хэлтсийн дарга нарыг жинхэлснээс гадна бодлогын хороодыг байгуулжээ.
Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хүртээмжийг төрийн бодлого, хууль тогтоомж, төсөв, төлөвлөлтийн төвд байршуулж, Монгол Улсын бүх салбарт саадгүй, тэгш оролцоотой хөгжлийн шинэ загварыг бий болгох зорилгоор Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд "Хүртээмж ба тэгш оролцоо"-ны бодлогын хороог нэмж байгуулж, тус хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилсон байна.
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн /2025.11.20/ хуралдаанаар өмнө нь бодлогын долоон хороог байгуулсан бол дээрх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо найм дахь нь болж байна.
Тодруулбал:
1. “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
2. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
4. Хот байгуулалтын бодлогын хороо
5. Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
8. Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо зэргийг байгуулан ажиллаж байна.