УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Номинчимэг, "Гэр бүл цуцлалтын үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсвэл тусдаа амьдраад долоо, найман жил болоод, шүүхэд нэхэмжлэл гаргахаар эвлэрээд ир гээд буцаагаад явуулчихдаг. Гэтэл ахиад ирэхдээ нэг нь ч юм уу алга болчихдог. Ингэсээр 3-4 жил болсон жишээ байна. Үр дүнд нь хүүхдүүд л хохирч байгаа. Шүүхийн зарлан дуудах, эрэн сурвалжлах ажиллагаанд хаяг нь тогтоогдохгүй байх зэрэг олон асуудал гардаг. Дагнасан шүүхтэй болж байгаагийн давуу тал нь юу юм бэ. Амьдралд ойр шийдвэрүүдийг хэрхэн гаргасан бэ" гэлээ.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн х.Золзаяа, "Нийслэлд гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх буюу дагнасан шүүх байх учраас нийслэлийн хэмжээнд энэ шүүхэд хандана. Үүнээс бусад тохиолдолд гэр бүлийн маргааныг орон нутагт анхан шатны шүүхээр шийднэ гэсэн зохицуулалттай" гэлээ.