Х.Тэмүүжин: “Ариун гэр бүл”, “жинхэнэ хайр” гэх мэт хуулиар зохицуулагдахгүй харилцааг улс төрийн асуудал болгоод шийдчих санаатай үг, өгүүлбэрүүд байна

Х.Тэмүүжин: “Ариун гэр бүл”, “жинхэнэ хайр” гэх мэт хуулиар зохицуулагдахгүй харилцааг улс төрийн асуудал болгоод шийдчих санаатай үг, өгүүлбэрүүд байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "Танай намыг хууль, тэр дундаа гэр бүлийн хууль санаачлахад болгоомжилдог. Нийгмийн уур амьсгал болон танай намын хүмүүсийн амнаас гарч байгаа үгийг харахаар “ариун гэр бүл”, “жинхэнэ хайр” гэх мэт хуулиар зохицуулагдахгүй хувь хүмүүсийн дотоод асуудлыг улс төрийн асуудал болгоод нэг хүний нүдээр дээрээс нь харж байгаад шийдчих санаатай үг, өгүүлбэрүүд их гарч байна. Өргөн барьсан хуулийг харахад харин харьцангуй гайгүй байна. Төр гэр бүлийн харилцааг зохицуулахадаа болгоомжтой байх ёстой. Тэр дундаа улс төрчдийн нүдээр харж болдоггүй орон зай. Гэр бүлийн хуулийг хийхдээ гурван зүйл дээр болгоомжлох ёстой. Хүүхдийн эрхийг яах, өмчийн маргаан гарвал яах юм, эд хөрөнгөөс болж маргавал тэр маргааныг яаж шийдэх юм, хөндлөнгийн оролцоог яаж хязгаарлах зэрэгт анхаарах хэрэгтэй. Энэ хуульд "гэрлэгчид, гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хангах” гэж заасан байна. Гэтэл үүнийг яаж хэмжих гэж байгаа юм. Гэр бүл жендерийн хувьд эрх тэгш байхын тулд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоо тэгш байх юм уу. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрийнхээ аль ч хэсэгт адилхан суух гэх юм уу. Гэр бүлийн доторх жендерийн эрх тэгш байдлыг яаж хэмжих гэж байгаа юм. Төрийн байгууллага, намд ийм шаардлага тавих нь зөв. Харин гэр бүл дотор жендерийн эрх тэгш байдлыг яаж хэмжих вэ. Мөн шүүхээр гэр бүлийн ёс суртахууныг хэрхэн хангах юм. Дотоод ёс суртахуун бас өөр" гэв.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Гэр бүлийн харилцааг зохицуулахад ямар нэгэн улс төрийн үзэл суртал ороогүй. Өрх гэрийн тэргүүн, эрэгтэй хүн жаахан давуу эрхтэй гэсэн уламжлалт ойлголт байдаг шүү дээ. Энэ уламжлалт хандлага байж болохгүй, тэгш эрхтэй байх ёстой. Эцэстээ гэр бүл салвал адил хуулиар зохицуулна гэдгийг тусгасан. Гэтэл гэр бүл салахдаа хүрвэл гэр бүлийн өрхийн тэргүүн илүү орлого олдог учир тэгш эрхгүй байдаг нөхцөл байдал байсаар ирсэн юм билээ” гэлээ.

LIVE: