Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах Итали улсад хийсэн төрийн айчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хороонд хамтран ажиллах тухай дараах гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.
-
Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дэд бүтэц, тээврийн дэд сайд Эдоардо Рикси нар гарын үсэг зурлаа. Манай тээвэрчид Европын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ саадгүй тээвэрлэх, гуравдагч улсын зах зээлд нэвтрэх, хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ. Хоёр улсын гадаад худалдаа өргөжиж, ялангуяа манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох угаасан, самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
-
Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Итали улсын Засгийн газар хоорондын 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Таяани нар гарын үсэг зурав. Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбар хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлж, их, дээд сургуулийн багш, оюутан солилцоо, соёл, урлагийн чиглэлээр харилцан үзэсгэлэн, урлагийн тоглолт зэргийг 2025-2028 онд хамтран зохион байгуулна.
-
Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Итали улсын Аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Аялал жуулчлалын сайд Даниэла Сантанкэ нар гарын үсэг зурлаа. Аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, улс хооронд жуулчдын зорчих маршрутыг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.
-
Чухал эрдэс бодис болон түүхий эдийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Итали улсын Италид үйлдвэрлэв яам болон Хүрээлэн буй орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам хоорондын хамтарсан мэдэгдэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Италид үйлдвэрлэв яамны cайд Адольфо Урсо, Хүрээлэн буй орчин, эрчим хүчний аюулгүй байдлын сайд Жильберто Пикетто Фратин нар гарын үсэг зурав. Чухал ашигт малтмалын харилцан ашигтай, тогтвортой, найдвартай худалдаа, ил тод хөрөнгө оруулалтыг дэмжиж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээний хүрээнд геологи, уул уурхай, боловсруулах болон дахин боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах эрмэлзлээ илэрхийллээ.
-
Иргэний хамгаалалтын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ОБЕГ болон Итали Улсын Иргэний хамгаалалтын газар хоорондын санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Иргэний хамгаалалтын газрын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Луижи Данжел нар гарын үсэг зурлаа. Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.
-
Монгол Улсын Стратеги судалгааны хүрээлэн болон Олон улсын байгууллагын Италийн нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ, Италийн олон улсын байгууллагатай санамж бичигт гарын үзэг зурав. Олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагааны сэдвээр судлаачид болон оюутнуудыг сургалтад хамруулах, стратегийн болон олон улсын аюулгүй байдлын сэдвээр судалгаа хийх, хурал, семинар, дугуй ширээний уулзалт хамтран зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
-
Өвөрхангай аймаг болон Итали Улсын Мажоне хот хоорондын эрмэлзлийн захидалд Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Мажоне хотын Захирагч Массимо Лажетти нар гарын үсэг зурав. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аялал жуулчлал болон соёлын салбар дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлж, цаашид тогтмол харилцаа холбоотой ажиллана.
-
Архангай аймаг болон Итали Улсын Анакапри хот хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Анакапри хотын захирагч Франческо Черрота нар гарын үсэг зурлаа. Архангай аймаг Италийн өмнөд хэсгийн гол аялал жуулчлалын цэгүүдийн нэг болох Анакапри хоттой найрсаг харилцаа тогтоож, талууд соёл, урлаг, мал аж ахуй, аялал жуулчлал болон боловсролын салбар дахь солилцоог идэвхтэй хэрэгжүүлнэ.
-
Архангай аймаг болон Итали улсын Ловере хот хоорондын эрмэлзлийн захидалд Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Ловэрэ хотын захирагч Клаудиа Такколини нар гарын үсэг зурав. Италийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Ловере хоттой Архангай аймаг хамтарсан соёлын арга хэмжээ зохион байгуулж, орон нутгийн бүтээгдэхүүнийг харилцан сурталчлан таниулж, бусад сонирхсон салбаруудаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
-
МҮОНРТВ болон Итали Улсын РАИ Радио, телевиз хамтран ажиллахаар болов. Радио, телевизийн хөтөлбөр, баримтат кино солилцох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар Монгол Улс болон Итали Улс хоорондын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлнэ.