Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.02/ хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Шүүхээс шийдвэр гаргаад хүүхдүүдийг асрамжинд аваачих юм уу. Шүүхийн процесс хэр удаан үргэлжлэх юм. Тэр хугацаанд хүүхдүүд ямар нөхцөл байдалд байх вэ. Энэ тодорхойгүй байна. Шүүхийн ачаалал нэмэгдэнэ. Асрамжийн үйл ажиллагаа, төсөв зардал гээд суугдсан уу. Хүүхдийн саналыг авах шинжээч томилно гэнэ. Хэдэн шинжээч Монгол Улсад бэлэн байгаа юм. Үүнтэй холбоотой боловсон хүчний бодлого байгаа юу. Хувийн хэвшлээс явах юм уу, төр баахан шинжээч томилох юм уу. Гэрлэлт бүрдүүлэхэд шаардлагатай заавал өгөх эрүүл мэндийн шинжилгээ байдаг. Үүнийг ямар журмаар явуулах юм. Эдийн засагт хэдий хэмжээний ачаалал үүсгэх юм. Гэр бүл бүртгэхээс өмнө заавал сургалтад хамруулах юм байна. Үүнийг төр хариуцах юм уу. Хамтран амьдрагчийг хуульчилсан байна. Эдийн болон хөрөнгийн маргааныг нь яаж шийдвэрлэх юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар: Хүүхдийг шууд асрамжийн газарт шилжүүлэх шийдвэрийг гаргахгүйгээр гэр бүлийн орчинд өсгөх үүднээс төрөл садангийн хүнд нь асран тэтгэлгийг нь тогтоох. Мөн асралт гэр бүлд өсгөх зэрэг арга хэмжээг түрүүлж авна. Дараа нь асрамжийн газар. Гэр бүлийн хэрэг, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулсан хуультай холбоотойгоор процессын хууль дээр нөхцөл байдлын шинжээчийн асуудлыг оруулж ирж байна. Нөхцөл байдлын шинжээч нь гэр бүлийн хэргийг судлаад шүүхийн бүтцэд ажиллана. Ингэснээр гэр бүл, хүүхдийн асуудлыг тэргүүн эгнээнд хамгаалж шүүгчид тайлбар гаргаж өгнө. Тайлбарт үндэслэн шүүгч бодитой дүгнэлт гаргана гэж үзэж байна. Хүний нөөцийн асуудлыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас бэлтгэнэ.